“Чингис хаан” хаад язгууртны музейг есдүгээр сард нээнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2022-08-17 09:27:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын гишүүн, Соёлын сайд Ч.Номин болон Соёлын дэд сайд М.Батбаяр нар “Чингис хаан” хаад язгууртны музейд өчигдөр ажиллаж, үзмэр таталт, үзүүллэг дэглэлттэй танилцаж, зарим асуудлыг шийдвэрлэлээ.

Тус музей өнөөдрийн байдлаар төрийн болон орон нутгийн өмчит байгууллага, бусад улс орны музей зэрэг 40 орчим газраас 12 мянга орчим үзмэр татаж, үзүүллэг дэглэлтээ дуусгаж байна.

Мөн БНСУ-ын Үндэсний музейгээс мэргэжилтнүүд ирж, музейн шилэн хорго /витрин/ суурилуулах ажилд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, хамтран ажиллаж байгаа юм.

Соёлын сайд Ч.Номин, “Чингис хаан” хаад язгууртны музей бол соёлын салбарт хийж буй томоохон бүтээн байгуулалтын нэг. Азидаа том хэмжээний музейд багтаж байна. Энэ сарын эхээр бид Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Чингис хааны ертөнц ба Монгол судлал” сэдэвт олон улсын цогц ажил зохион байгуулсан. Хуралд ирсэн олон улсын судлаачид “Чингис хаан” хаад язгууртны музейд ажиллах үеэрээ музейн үзмэр, эд өлгийн зүйлсийг маш ховор, үнэтэй үзмэрүүдтэй болж гэж дүгнэсэн. Мөн музей олон улсын стандартад бүрэн нийцэж байгаа.

Музей Хүннү гүрнээс эхлээд Богд хаант улс хүртэлх Монгол Улсын түүхийг бүхэлд нь харуулахаас гадна Монголчууд бидний дэлхийн түүхэнд оруулсан хувь нэмрийг тодотгох үнэт үзмэр, эд өлгийн зүйлсийг дэлгэн харуулна. Музей өөрөө хадгалах, судлах, харилцаа холбоо үүсгэх, боловсрол олгох гэсэн үндсэн дөрвөн үүрэгтэй байдаг. “Чингис хаан” музей энэхүү үүргийг жигд хэрэгжүүлж явах боломжтойгоороо маш онцлог. Жишээ нь, чийг гэрлийг маш нарийн тохируулж олон улсын стандарт хангасан байдлаар хадгалах, эрсдэлээс хамгаалах технологи, тоног төхөөрөмж оруулж ирсэн. Ийм сан хөмрөг 6 байгаа. Мөн лаборатори байгуулсан. Боловсрол олгох чиглэлд номын сан байгуулж, эрдэм шинжилгээний томоохон хурал зохион байгуулах, судалгаа шинжилгээ хийх бүрэн боломжтой байдлаар тохижуулсан. Олон улсын хамтарсан үзэсгэлэн гаргах зэргээр гадаад хамтын ажиллагаа нь эхэлсэн, музейн үйл ажиллагаа нь өргөжиж, шинэ стандарт тогтоож байгаа”  гэв.


Музейн танхимуудын үзүүллэг дэглэлт дуусаж, үзмэр хадгалалт, номын сан, эрдэм шинжилгээний хэсгүүдийн ажил дууссан тул 9-р сарын 15-н гэхэд музейг нээхээр төлөвлөжээ.






Холбоотой мэдээ