Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 10.6 их наяд төгрөг болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2022-08-18 15:24:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2022 оны эхний 7 сард урьдчилсан гүйцэтгэлээр 10.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 244.3 (2.3 хувь) тэрбум төгрөгөөр багаслаа.


Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 509.3 (6.7 хувь) тэрбум төгрөгөөр буурсан нь нөлөөлжээ. Харин боловсруулах үйлдвэрлэл 202.5 (8.8 хувь) тэрбум, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбарын үйлдвэрлэл 44.9 (5.7 хувь) тэрбум, ус хангамж, сувагжилтын систем, хог хаягдал, зайлуулах болон хүрээлэн буй орчныг дахин сэргээх үйл ажиллагааны салбарын үйлдвэрлэл 17.7 (19.6 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. 


Аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл энэ оны 7 дугаар сард 2 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 40.4 (2 хувь) тэрбум, борлуулалт 2.8 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 377.4 (15.3 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэв. Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл энэ оны эхний 7 сард урьдчилсан гүйцэтгэлээр 7.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 509.3 (6.7 хувь) тэрбум төгрөгөөр буурахад чулуун, хүрэн нүүрс олборлолт 428 (20.6 хувь) тэрбум, газрын тос олборлолт 403.8 (73.7 хувь) тэрбум төгрөгөөр буурсан нь нөлөөллөө.


Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт цайрын баяжмал, мөнгөний баяжмал олборлолтын биет хэмжээ 36.9-85 хувиар өсөж, төмрийн хүдэр, алт, хүрэн нүүрс, зэсийн баяжмал, хайлуур жонш, чулуун нүүрс, газрын тос олборлолт өмнөх оны мөн үеийнхээс 2.5-87.9 хувиар багасав.

Боловсруулах аж үйлдвэрийн спирт, цемент, ус, ундаа, жүүс, согтууруулах ундаа, ноолууран сүлжмэл эдлэл, шохой, самнасан ноолуур зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 5.6-81 хувиар өсөж, катодын зэс (99 хувь), шингэн сүү, янжуур тамхи, нүүрсэн шахмал түлш, гурил, амны хаалт, металл бэлдэц, малын мах, гар ариутгагч, баяжуулсан нүүрс зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.6–96.6 хувиар багасжээ.


Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн энэ оны эхний 7 сард урьдчилсан гүйцэтгэлээр 14.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 104.1 (0.7 хувь) тэрбум төгрөгөөр багасахад уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулалт 392.3 (3.7 хувь) тэрбум төгрөгөөр буурсан нь нөлөөлсөн аж. Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн өмнөх оны мөн үеийнхээс 392.3 (3.7 хувь) тэрбум төгрөгөөр буурахад газрын тосны олборлолтын салбарынх 351.4 (68.3 хувь) тэрбум, металлын хүдэр олборлолтын салбарынх 192.1 (2.7 хувь) тэрбум, бусад ашигт малтмал олборлолт салбарынх 137.5 (63.8 хувь) тэрбум төгрөгөөр буурсан нь нөлөөлжээ.


Гадаад зах зээлд энэ оны эхний 7 сард урьдчилсан гүйцэтгэлээр 8.3 их наяд төгрөгийн борлуулалт хийсний 7.9 их наяд нь уул уурхай, олборлох үйлдвэрлэлийн борлуулалт байв. Уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалтын 66.2 хувийг металлын хүдэр олборлолтын салбар, 31.2 хувийг нүүрс олборлолтын салбар, 2.1 хувийг газрын тос олборлолтын салбар, 0.5 хувийг бусад ашигт малтмал олборлолтын салбар эзэлж байна. Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн индекс (улирлын нөлөөллийг арилгасан тооцоо) энэ оны 7 дугаар сард 146.0 (2015=100) болж, өмнөх оны мөн үеийнхээс 4.7 нэгж хувиар буурлаа. 

 

Холбоотой мэдээ