"Сүүн зам" бүжгийн наадамд оролцохоор Япон Улсаас 160 гаруй уран бүтээлч ирнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
bolor@montsame.mn
2022-08-19 17:19:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол, Япон Улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд “Cүүн зам” япон, монгол бүжгийн наадмыг Д.Сүхбаатарын талбайд энэ сарын 22-нд зохион байгуулна.


Япон Улсын Токушима дахь Монгол Улсын Өргөмжит консул, соёлын элч Каваүчи Широ саны санаачилгаар Монгол Улсад анх удаа зохион байгуулж буй уг наадамд оролцохоор Япон Улсаас 160 гаруй уран бүтээлч, бусад хүндэт зочин хүрэлцэн ирэх аж.

Хоёр улсын соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ардын урлаг, өв соёлыг харилцан таниулж, сурталчлах зорилготой “Сүүн зам” бүжгийн наадмын хүрээнд Монголын үндэсний болон орчин үеийн бүжгийн наадам, тоглолтыг хамтран зохион байгуулахаар төлөвлөжээ.

Мөн Япон орны ардын урлаг, өв соёлын нэг “Ава одори”, “Ёсакой” бүжгийн урлагаас танилцуулах юм. “Ава Одори” нь ава буюу далайн хөөс, одори буюу бүжиг гэсэн утгатай бөгөөд далайн давалгааны хөөсний хөдөлгөөнөөс санаа авсан, 750 жилийн түүхтэй бүжиг байдаг бол “Ёсакой” нь үндэсний хэв шинжийг чөлөөт хэв маягаар илэрхийлсэн бүжиг аж.

Холбоотой мэдээ