ДОРНОГОВЬ:Судалгаанд оролцогчдын дийлэнх нь шинэ залуу улс төрчдийг сонгохыг илүүд үзжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-08-30 14:13:27

Дорноговь /МОНЦАМЭ/. Нийгмийн бодлого хөгжлийн судалгааны хүрээлэнгээс  “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн хүрээнд Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцооны талаарх олон нийтийн төсөөлөл, Монгол дахь эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, гадаад орны туршлага судалгааг тус тус хийжээ.


Уг судалгааг  танилцуулах,  нам эвслийн төлөөлөл болон олон нийтийн санаа бодлыг сонсох хэлэлцүүлэг Дорноговь аймгийн Сайншанд хотод наймдугаар сарын 15-нд боллоо.  Эл судалгааны тайланг “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн техникийн зөвлөх Э.Гэрэлт-Од танилцуулсан юм.


Мэдээлэл сонсгох, хэлэлцүүлэг уулзалтад Дорноговь аймгийн МАН, АН болон иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөл оролцов. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж байгаа уг төслийг  БНСУ-ын КОЙКА Олон улсын байгууллага санхүүжүүлсэн аж. 


Тус судалгааг хийхдээ Баянхонгор, Завхан, Дархан-Уул, Дорнод, Өмнөговь, Ховд, Хөвсгөл, аймгийн 24 сум Улаанбаатар хотын Баянзүрх, Хан-Уул, Сүхбаатар, Сонгинохайрхан, Багануур, Налайх, дүүргийн нийт 1006 хүнийг хамруулжээ. Мөн түлхүүр мэдээлэгчийн ярилцлагад УИХ-ын гишүүн, салбарын сайд 2.5 хувь, аймаг нийслэл сум дүүрэг, баг хорооны Засаг дарга, орлогч, газар хэлстийн дарга, төрийн өмчит үйлдвэрийн газрын дарга 44.4 хувь, ИТХ, ИНХ-ын дарга, тэргүүлэгч, төлөөлөгч, 26.3 хувь, улс төрийн намын дарга, орлогч, ерөнхий нарийн бичгийн дарга 9.1 хувь, бизнес эрхлэгч 16.7 хувийг тус тус эзэлсэн байна.


Ганцаарчилсан болон бүлгийн ярилцлагад нийгмийн олон талт бүлгийн төлөөллийг хамруулах үүднээс нас, хүйс, үндэс угсаа, нийгэм эдийн засаг, ажил мэргэжил, гэрлэлтийн байдлаар ялгаатай хүмүүсийг хамруулжээ. Судалгааг жендэрийн хэвшмэл үзэл, улс төр дэх эмэгтэйчүүдийг дэмжих байдал, шийдвэр гаргах түвшин дэх  эмэгтэйчүүдийн төлөөлөл, нөлөөлөгч хүчин зүйлсийн талаарх үзэл бодол, квот тогтоох аргын талаарх мэдлэг хандлага, улс төрийн манлайлагчаас хүлээх хүлээлт зэрэг өргөн сэдвээр хийжээ.


Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцооны талаарх олон нийтийн төсөөлөл” судалгааны зарим мэдээллээс хүргэе. Жендерийн хэвшмэл үзлийн хувьд эрэгтэй эмэгтэйчүүдийн дийлэнхэд ялгаагүйгээр өрхийн хөдөлмөрийн хуваарийн хэвшмэл үзэл илэрч байгаа ч хүүхдээ асрах үүргийг эмэгтэйд түлхүү оногдуулах, хандлага эрэгтэйгээс эмэгтэйд илүү илэрснийг дурдсан.


Харин эхнэр, нөхрийн улс төрийн оролцооны талаарх хэвшмэл үзэл судалгаанд оролцогчдын тал орчим хувьд нь илэрч байгаа бөгөөд улс төрийн үйл ажиллагаан дахь оролцооны хувьд эмэгтэйгээсээ эрэгтэйд хэвшмэл үзэл  бага зэрэг илүү ажиглагджээ.


Судалгаанд оролцогчдын 92.8 хувь нь  эрэгтэй, 83.2 хувь нь эмэгтэй ажилтныг хэлтсийн даргаар ажиллаж чадна гэдэгт итгэлтэй байсан бол эмэгтэйчүүдийг удирдах ажилтан болж чадахгүй гэж хариулсан оролцогчид эрэгтэйчүүдийг ийн үзсэн оролцогчдоос хоёр дахин их байна.


Судалгаагаар ахмад настай, туршлагатай улс төрч болон шинэ залуу улс төрч эрэгтэй эмэгтэй хүнээс хэнийг нь сонгох тухай асуухад оролцогчдын 57.4 хувь нь шинэ залуу улс төрч Чимгээг, харин 58.1 хувь нь шинэ залуу улс төрч Доржийг сонгохоор саналаа өгсөн байна.


Үүнийг хүйсээр харвал шинэ залуу улс төрч Чимгээг эрэгтэйчүүдийн 52.2 хувь нь, эмэгтэйчүүдийн 61.8 хувь нь, харин шинэ залуу улс төрч Доржид эрэгтэйчүүдийн 57.2 хувь нь, эмэгтэйчүүдийн 55.5 хувь нь саналаа өгчээ. Үүнээс харахад судалгаанд оролцогчид хүйсээс илүү шинэ залуу улс төрчдийг сонгохыг илүүд үзжээ.


Хэлэлцүүлэгт оролцсон зарим оролцогчдын байр суурийг хүргэе.


Голомт банкны “Ар шанд тооцооны төв”-ийн захирал Б.Ганцэцэг: Хүүхэд өсгөж хүмүүжүүлэхэд төрөөс эрэгтэйчүүдэд олгох цалин, амралт, бусад шаардлагатай зүйлийг хуулиар зохицуулах нь эмэгтэйчүүдийн манлайлалд тустай

Хэлэлцүүлгээр маш их мэдээлэл сонслоо. Сонгууль болон олон нийтийн бүхий л ажлыг эмэгтэйчүүд нугалдаг ч сонгогдох хэмжээнд ирэхээр маш бага хувийг эзэлж байна. Улс төрийн орчинд эмэгтэйчүүд өөрөө өөрсдийгөө ажлыг унагаад байдаг талаар ч судалгааны тайлангийн үеэр ярилаа. Нэгдэж хамтарч байж л эмэгтэйчүүдийн улс төрийн манлайлал нэмэгдэх болов уу.


Өөр нэг зүйл нь эмэгтэйчүүдийн улс төрийн манлайлал, карьерт гэр бүл төлөвлөлт хамгийн чухал. Эрэгтэй, эмэгтэй хоёр хүн гэр бол болоход эмэгтэй нь хүүхдээ хараад гэртээ үлдчихдэг. Эрчүүд зуун хувь өөрийн ажил албан тушаал карьераа хөөгөөд явчихдаг. Энэ маань эмэгтэйчүүдийн нийгэмд үзүүлэх нөлөөллийг бууруулдаг. Миний бодлоор хүүхдээ гаргаж өсгөж хүмүүжүүлэхэд эрэгтэй, эмэгтэй хүмүүс адил тэгш оролцох боломжийг нээх хэрэгтэй.


Өөрөөр хэлбэл хүүхэд өсгөж хүмүүжүүлэхэд төрөөс эрэгтэйчүүдэд олгох цалин, амралт, бусад шаардлагатай зүйлийг хуулиар зохицуулж өгөх. Өнөөдрийн тогтолцоогоор гэр бүлүүд хүүхэдтэй боллоо гэхэд аавд нь олгох ажлын чөлөө, амралт маш бага. Гэтэл ээжүүд яагаад гурван жил гэртээ сууж хүүхдээ харах ёстой гэж. Одоогоор би нялх хүүхдээ хараад гэртээ байна. Энэ байдал надад хүртэл тохиолдож буй.


Сайншанд сумын МАН-ын хорооны тэргүүлэгч Т.Гантулга: Нийгмийн асуудалд хамгийн их санаа зовж байгаа хүмүүс нь эмэгтэйчүүд

Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцооны талаарх олон нийтийн төсөөлөл”, Монгол дахь эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, гадаад орны туршлага” зэрэг томоохон судалгааны тайланг сонслоо. Үр дүнтэй чухал хэлэлцүүлэг боллоо гэж ойлгож байна. Юун түрүүнд жендэрийн асуудлыг хөндсөн  бодлогын бичиг баримттай болох ёстой гэж ойлгов.


Бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэх боловсон хүчнийг бэлтгэх, эмэгтэйчүүдийн улс төрийн ажилтныг тусгайлан бэлтгэх шаардлагатай юм болов уу. Яагаад шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо бага байна вэ гэхээр эмэгтэйчүүд өөрсдийгөө дэмждэггүй гэдгийг ярилаа. Мөн эмэгтэйчүүд улс төрийн карьер хөөхдөө идэвх санаачилга гаргадаггүй. Эмэгтэйчүүдийн манлайлалд эрчүүд ч хамаатай. Эмэгтэйчүүд бөөгнөрч суугаад ярих биш эрэгтэй, эмэгтэй хүмүүс хамтарч сууж асуудлыг ярилцаж гаргалгаа гаргах ёстой.


Эмэгтэйчүүдийн холбоо, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах байгууллага зэрэг маш олон байгууллага байгаа хэрнээ дуу хоолойгоо нэгтгэж чадахгүй байна уу даа гэж боддог.


Иогийн багш У.Бодьханд: Хүний нүдэнд анзаарагддаггүй хэрнээ шийдвэрлэх олон асуудалд эмэгтэй хүний дуу хоолой чухал байна

Эмэгтэйчүүдийн хувьд улс төрийн манлайлал хамгийн чухал гэж ойлгож байна. Эмэгтэй хүмүүс өөрөө өөрсдийгөө дэмжиж нэг зорилго тэмүүлэлтэй байж л  манлайлал бодит утгаараа хэрэгжинэ. Эмэгтэйчүүдэд амбиц бага байдаг юм болов уу. “Нялх хүүхэдтэй юм чинь больё доо,  ажил ихтэй юм чинь төвөг гээд боломжоос хойш суудаг. Гэтэл эмэгтэйчүүдийн оролцоотой хийх ажил маш их байна. Гудамжаар явахад л тэргэнцэртэй хүний явах зам талбай үнэндээ хангалтгүй.


Хүний нүдэнд анзаарагддаггүй хэрнээ шийдвэрлэх олон асуудалд эмэгтэй хүн дуу хоолойгоо хүргэх хэрэгцээ шаардлага байна. Эмэгтэйчүүд сонгуулийн ажилд маш их зүтгэдэг хэрнээ сонгогдож байгаа хүмүүс нь цөөхөн. Иргэнийхээ хувьд нөлөөлөх, цаашлаад  улс төрийн хүрээлэлд оролцож дуу хоолойгоо хүргэх зайлшгүй шаардлага байна гэж бодлоо.


Ташрамд хэлэхэд дээрх судалгаанд оролцогчдын 92 хувь нь эрэгтэйг, 81.7 хувь нь эмэгтэйг манлайлагч гэдэгт итгэж байгаа бол удирдах албан тушаал эрхэлж чадах тухайд эмэгтэй хүнд үл итгэх хандлага судалгаанд оролцогчдын 20 орчим хувьд нь ажиглагджээ. Судалгаанд оролцсон олон нийт эмэгтэйчүүдийг төрийн бодлого тодорхойлох, хууль тогтоох түвшинд ажиллаж чадна гэдэгт эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдийн 80 гаруй хувь нь итгэлтэй байна.


Хэлэлцүүлгийн үеэр оролцогчид баг болон хуваагдаж эмэгтэйчүүдийн улс төрийн манлайллын асуудлаар тодорхой кэйс, жишээ татан ярьж өөрсдийн санал бодлыг хуваалцсан нь үр дүнтэй болсон талаар оролцогчдын төлөөлөл өгүүлсэн юм. Эмэгтэйчүүдийн манлайлалд саад болж буй хамгийн чухал шалтгаан нь сонгуулийн тогтолцоо, засаглал, хууль тогтоох байдал, квотын хэлбэр, мөн хэвшмэл үзэл хандлага зэрэг байгааг оролцогчид дурдсан.


Тухайлбал намд элсэх журмыг олон нийтэд ил болгох, намаас эмэгтэйчүүдийн байгууллагад тогтмол санхүүжилт олгох, эмэгтэйчүүдийн эрхийн асуудлаар тогтмол хэлэлцүүлэг зохион байгуулах, жендэрийн асуудлаар бодлогын баримт бичигтэй болох зэрэг олон санал санаачилгыг дэвшүүллээ.

Холбоотой мэдээ