ХОВД: Хүүхдийн эндэгдлийн 20-28 хувийг осол, гэмтэл эзэлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-08-31 13:28:13

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн хэмжээнд 2022 оны эхний долоон сарын байдлаар нялхсын эндэгдэл 13.4,  тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 20.7 байгаа нь өмнөх оныхоос тодорхой хувиар буурсан үзүүлэлт аж.

Нярайн эрт үеийн нас баралтад дутуугийн шалтгаант амьсгал хямралын хам шинж, төрөлхийн хөгжлийн гажгийн шалтгаан зонхилж байна. 

Харин 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэлд сэргийлж болох эндэгдэл буюу осол, гэмтлийн шалтгаант эндэгдэл сүүлийн гурван жилийн байдлаар нийт эндэгдлийн 20-28 хувийг эзэлж байна.  

Өөрөөр хэлбэл,  2022 оны эхний долоон сарын байдлаар тав хүртэлх насны 20 хүүхэд эндсэнээс 5 хүүхэд буюу 25 хувь нь осолгэмтлийн шалтгаантай байна.   

Ихэвчлэн бага насны хүүхдийн ахуйн осол их бүртгэгддэг учраас бага насны хүүхдүүдтэй эцэг эхчүүд гэртээ хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх нь чухал. Цахилгаан хэрэгсэл, халуун тогоо зэргийг хүүхдийн гар хүрэхгүй газарт байршуулах, ор сандал тоглоомоос унахаас урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Мөн амралт зугаалгаар явахдаа бага насны хүүхдэд тавих анхаарлаа сулруулахгүй байх, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөнд соёлтой оролцох, авто замаар болгоомжтой зорчихыг Ховд аймгийн Эрүүл мэндийн газраас зөвлөлөө.  

Холбоотой мэдээ