ДАРХАН-УУЛ: “Иргэдийн оролцоотой нийтийн зориулалттай орон сууцны дээвэр төсөл”-ийг хэрэгжүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд нийт 28862 мянга гаруй айл өрхтэй
бөгөөд үүнээс тавь гаруй
хувь нь нийтийн эзэмшлийн орон сууцад амьдардаг аж. 2008 оноос хойш үе шаттайгаар дээврийн асуудалтай байруудад төрөөс
төсөв, мөнгийг нь
шийдвэрлэн 100 хувь засварын ажлыг хийж дуусгасан. Гэвч тухайн үеийн засварын ажлын чанар,
гүйцэтгэл, орон сууцнуудын насжилттай холбоотой дээврийн засварын ажил хийсэн ч ус нэвчдэг, дусаал гоожих
зэрэг иргэдийн гомдол
тасраагүй. Иймд иргэдийг ая тухтай орчинд амьдрах нөхцөл боломжийг
хангах үүднээс аймаг, орон нутгаас 2019 онд зарим байруудын дээврийг дахин
засварласан.
Харин өнгөрсөн оноос эхлэн “Иргэдийн
оролцоотой нийтийн зориулалттай орон сууцны дээвэр төсөл”-ийг хэрэгжүүлж байна.
Төсөл 2025 он хүртэл хэрэгжих ажээ.
Төслийн хүрээнд энэ онд Дархан сумын: 13 дугаар багийн 24 дүгээр байрны 1-3 дугаар орц, 28 дугаар байрны 1-2 дугаар орц,
зургаадугаар багийн нэгдүгээр 30 айл, 11 дүгээр багийн 8 дугаар байрны 1-2 орц, нэгдүгээр байрны гуравдугаар орц, тавдугаар байрны 59 тоот Өргөө багт нэг байр, есдүгээр багийн дөрөвдүгээр байрны 13,16 дугаар орц, аравдугаар багийн 5-4 дүгээр байрны 13 дугаар орцны дээвэр засварын ажлыг тус тус
хийхээр төлөвлөсөн аж. Үүнээс долоон байрны арван орцны ажлыг бүрэн хийж дуусган, улсын комисс хүлээн авчээ.
Дээвэр засварын ажлын нийт
санхүүжилтийн 70 хувийг аймаг, сумын ЗДТГ-аас, 30 хувийг оршин суугчид гаргаж
байгаа аж.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн
зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд
“Орон сууцны байшингийн ашиглалтын хугацаанд дундын өмчлөлийн эд хөрөнгөд
хамаарах дээвэр, цахилгаан шат зэрэгт их засвар хийх үед их хэмжээний хөрөнгө
шаардагдах бол барилгын хяналтын байгууллагын дүгнэлтийг үндэслэн улсын болон
орон нутгийн төсвөөс нэг удаа санхүүжүүлж болно” гэж заасан байдаг.
Аймгийн хэмжээнд нийтийн эзэмшлийн
байруудын дээврийн засварыг ийнхүү 100-70 хүртэл хувиар хоёр удаагийн давтамжтай төсөв хөрөнгийг
нь шийдвэрлэн засварласан. Цаашид холбогдох хууль журмын дагуу оршин суугчид,
СӨХ-д дээвэр засварын ажлыг өөрсдөө хариуцан авч явах ажээ.