СЕХ-ноос аймаг, дүүрэг хариуцсан сургагч багш нарыг томиллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-09-01 06:46:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сонгуулийн ерөнхий хорооноос төрийн 62 албан хаагчийг тус хорооны Мэдээлэл, судалгаа, сургалтын төвийн аймаг, дүүрэг хариуцсан төлөөлөгч, сургагч багшаар томиллоо.


Ард нийтийн санал асуулга, сонгуулийн хууль тогтоомжийг нийтэд тайлбарлан таниулах, сонгогчдын боловсролыг дээшлүүлэх, сургалт, судалгаа явуулах, сонгуулийн явц, хугацааны талаар сонгогчдыг мэдээллээр хангах бүрэн эрхээ хэрэгжүүлэх зорилгоор Сонгуулийн ерөнхий хороо энэ сарын 15-24-нд сургагч багш бэлтгэх сургалт зохион байгуулсан юм. Сургалтад 21 аймаг, нийслэлийн 9 дүүргээс хамрагдсан 62 төрийн албан хаагч сургагч багшийн гэрчилгээг гардсан байна.


НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр “Жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн хүрээнд Сонгуулийн ерөнхий хороотой хамтран хэрэгжүүлж буй “Хариуцлагатай сонгогч” бэлтгэх хөтөлбөрийн хүрээнл суралцсан багш нар энэ сараас 21 аймаг, нийслэл дэх сонгуулийн насны иргэд, залууст сонгуулийн боловсрол олгох сургалт зохион байгуулж эхэлнэ.


Сонгуулийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх, сургагч багш нарын үндэсний сүлжээг бий болгох, сургалтыг өргөн хүрээнд тогтмолжуулахын тулд сонгуулийн хууль тогтоомжид заасан ард нийтийн санал асуулга, сонгууль зохион байгуулах, бэлтгэл ажлын хүрээнд Сонгуулийн ерөнхий хорооноос 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүргийн Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хуралд албан тоот илгээж, өөрийн харьяа аймаг/дүүрэгт томилогдсон сургагч багш нартай хамтран ажиллах аж.

Холбоотой мэдээ