АРХАНГАЙ: “Өгий эко шим” нөхөрлөл жилд 60 орчим мянган суулгацыг бэлтгэн нийлүүлдэг

ФОТО МЭДЭЭ
gereltod@montsame.mn
2022-09-02 14:51:37
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Өгийнуур суманд “Ногоон Ази-Эко сүлжээ” төрийн бус байгууллагын санхүүжилтээр хэрэгжиж байгаа цөлжилтийг бууруулах төслийн хүрээнд “Өгий эко шим” нөхөрлөлийг 2015 онд байгуулсан ба 2019 оноос эхлэн үйл ажиллагаагаа эрчимжүүлэн ажиллаж байна.
Тус нөхөрлөл нь Өгийнуур сумандаа мод үржүүлгийн 50 га талбайтай. 30000 чацаргана жимсний буттай, нийт 60 гаруй мянган мод тарьжээ. 4 гүний худагтай, 7 хүлэмжтэй аж. Нөхөрлөлийн гишүүд ил талбай болон хүлэмжинд төрөл бүрийн мод, жимс, жимсгэний үрсэлгээ хийж төмс, хүнсний ногоо тариалан, органик хүнсийг иргэдэд нийлүүлэн, 25 хүнийг ажлын байраар ханган ажиллаж байна.
Нөхөрлөлийнхөн хайлаас, улиас, голтбор, агч зэрэг 5 төрлийн модны үржүүлэг хийж, жилд дунджаар 60 орчим мянган суулгацыг бэлтгэн нийлүүлдэг байна. Төслийн хугацаанд 40 мянган чацаргана, үхрийн нүдний суулгацыг тарьсан бөгөөд энэ жилээс жимсээ хурааж эхэлжээ.
Мөн зуны хүлэмждээ өргөст хэмх, тарвас, чинжүү, навчит байцаа, ил талбайдаа төмс, хүрэн манжин, лууван, байцаа тариалж байгаа бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод”, “Хүнсний хангамж-Аюулгүй байдал” аяныг орон нутагт хэрэгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулан ажиллаж байна. Тус нөхөрлөл нь гурван жилд нэг сая мод гаргах хүчин чадалтай, аймагтаа хамгийн том мод үржүүлгийн газар юм.