ЗАВХАН: Ял шийтгүүлсэн иргэд нийтэд тустай ажил хийж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт ял шийтгүүлсэн
ялтнаар нийтэд тустай ажил хийлгэх ажлыг үе шаттай зохион байгуулж байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас улсын хэмжээнд нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн ялтнаар, нийтийн эзэмшлийн болон авто замын дагуух ногоон байгууламжийг цэвэрлүүлж буй. Мөн зэрлэг ургамлыг зулгааж, хадах ажлыг наймдугаар сараас эхлүүлсэн. Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь өнөөдрийн байдлаар Улиастай сум болон Идэр сумын Засаг даргын тамгын газартай хамтран ял шийтгүүлсэн иргэдээр нийтэд тустай ажил хийлгэлээ. Мөн ял эдэлж байгаа ялтнуудаар Улиастай сумын ногоон байгууламжийн 80 м.кв талбайд усалгаа, 100 м.кв талбайд өвс хадах. Идэр сумын чацарганы туршилтын нэг га талбайд ногоон байгууламжийн усалгаа, талбайн цэвэрлэгээ, мөн торон хашаа барих ажлуудыг хийлгээд байгаа. Цаашид дээрх төрлийн нийтэд тустай ажлуудыг нэг сарын хугацаатай зохион байгуулна гэж Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас мэдээлэв.