Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дорнын эдийн засгийн VII чуулга уулзалтад оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-09-05 13:05:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Владивостокт болдог Дорнын эдийн засгийн VII чуулга уулзалтад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцоно. Тэрбээр маргааш Владивосток хотыг зорих юм байна.


Жилд хоёр удаа болдог уг чуулганд Монгол Улс Ерөнхийлөгчийн түвшинд тогтмол оролцдог байсан бол энэ удаад Ерөнхий сайд оролцох болж буй юм. Түүнтэй хамт Гадаад харилцааны дэд сайд оролцох аж.


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 6-8-нд болох Дорнын эдийн засгийн чуулганд маш тодорхой зорилт дэвшүүлэн оролцох юм. Тухайлбал, Эгийн голын УЦС, баруун, зүүн босоо тэнхлэгийн төмөр замын төсөл, эрчим хүч, шатахууны нийлүүлэлт, үнийн асуудлаар ОХУ-ын Ерөнхийлөгч болон Засгийн газрын гишүүд, төрийн өмчит компаниудын удирдлагуудтай уулзах аж.


Засгийн газрын шийдвэрийг танилцуулах өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдээлэхдээ, “Эдийн засгийн үйл явцын гадуур үлдэхгүй, оролцоогоо нэмж, хөгжлийн төслүүдээ урагшлуулж байх нь Монгол Улсын ашиг сонирхолд нийцдэг. Тиймээс Дэлхийн эдийн засгийн форум, Азийн чуулга уулзалтад ч өндөр, дээд түвшинд бэлтгэж оролцдог. Монгол Улс хоёр хөршдөө тэргүүлэх ач холбогдол өгдөг бодлогыг гуравдагч хөршүүд ойлгодог. Гуравдагч хөршүүдтэй харилцаагаа улам өргөжүүлэх бодлогыг ч хоёр хөрш маш сайн ойлгодог гэж болно. Монгол Улс бол энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлоготой улс. Бүс нутгийн аливаа санаачилга, эргэн тойронд болж байгаа үйл явцад тасралтгүй оролцох нь Монгол Улс стратегийн бие даасан бодлоготой гэдгийг дэлхий нийтэд харуулах чухал хүчин зүйл юм” гэлээ.

Холбоотой мэдээ