ХОВД: Шинээр улсын цол хүртсэн бөх, харваачид хүндэтгэл илэрхийлэх наадам болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-09-07 13:24:52

Ховд /МОНЦАМЭ/. Одоогоос 82 жилийн өмнө арслан Ш.Ванчинхүү төрийн наадмын түрүү хүртэж байсан. Тэгвэл энэ жилийн баяр, наадмаар  Ховдын бөх О.Хангай 10 даван түрүүлж Улсын аварга цол хүртсэн нь түүхэн амжилт боллоо. 


Ховд аймаг энэ жил 
үндэсний их баяр, наадмаар шинээр улсын цол хүртсэн аварга, заан, начин бөх, сурын мэргэн харваачид хүндэтгэл үзүүлэх “Талархал хүндэтгэлийн наадам”-ыг энэ сарын 13-ны өдөр зохион байгуулахаар бэлтгэл хангаж байна.

  

“Талархал хүндэтгэлийн наадам”-ын үеэр гурван насны морь уралдуулж, урианхай сурын харваа, хүчит 128 бөхийн барилдаан, “Аваргатай үдэш” цэнгүүн, Ховдын брэнд болсон “Тарвас” эвент үйл ажиллагаа зохион байгуулах юм.


Үүнтэй холбогдуулан өнөөдөр аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, ажлын багийн ахлагч Т.Дэлгэрсайхан, нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн нар сумын удирдлагуудтай цахим уулзалт хийв.


Энэ үеэр ойрын хугацаанд аймаг, орон нутагт хийх цаг үеийн ажлын талаар мэдээлэл өгч, өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг сум, баг, айл өрхийн хүрээнд сайтар хангахыг анхааруулав. Мөн дээрх наадмын бэлтгэл ажлыг хэрхэн хангаж байгаа, сумын удирдлагууд юунд анхаарч, ямар үүрэгтэй, хэрхэн оролцох талаар чиглэл өгчээ. 


“Талархал хүндэтгэлийн наадам”-ыг иргэдийн хандив, сэтгэлийн дэмжлэгээр зохион байгуулах тул 17 сумын удирдлагууд, иргэд бөх, сур, морио дээдэлж үндэсний спорт”-оо дэмжин идэвхтэй оролцохыг  Ховд аймгийн ЗДТГ-аас уриаллаа.   


Холбоотой мэдээ