ЗАВХАН: Сургагч багш нар 24 суманд ногоон байгууламж байгуулах ажилд тусалж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНЗавхан/МОНЦАМЭ/. Тус аймагт "Тэрбум мод" үндэсний
хөдөлгөөний хүрээнд 72 сургагч багш бэлтгэж, сум орон нутагтаа ногоон
байгууламж нэмэгдүүлэх ажлыг хийж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд 1000 сургагч багш бэлтгэх сургалтыг явуулсан. Энэ сургалтад Завхан аймгийн 24 сумаас 72 хүн хамрагдаж онолын хичээлийг цахим болон танхимаар үзэж чадавхжсан.
Сургалтын дадлага ажлыг наймдугаар сард Улиастайд хийж сургагч багшийн сертификатаа гардан авсан юм. Улсын хэмжээнд сургагч багш нарыг бэлтгэх сургалтыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Боловсролын яам, МУИС, ШУТИС, ХААИС хамтран зохион байгуулсан ба МУИС-ийн Ойн хүрээлэнгийн багш нар дадлага ажлыг удирдан явуулснаараа үр дүнтэй онцлог болсон. Энэ сургалтаар мод үржүүлгийн газрын тухай ойлголт, тавигдах шаардлага, тарьц үржүүлэх модны зүйлийн сонголт, биологи экологийн онцлогийн талаарх ойлголт мэдлэгийг өгсөн.
Ойн үрийн аж ахуй, ойжуулалт нөхөн сэргээлтийн технологи, таримал ой хамгаалал, агро ойн аж ахуй түүний хэлбэрүүдийн талаарх мэдээлэл өгсөн. Хот суурины ногоон байгууламжийн төлөвлөлт, арчилгаа хамгаалалт сэдвийн хүрээнд мод тарьж арчлан ургуулах мэдлэг чадварыг олгож, эдгээр онолын мэдлэгийг нь хээрийн дадлагаар бататгаж төгсгөсөн байгаа.
Завхан аймгийн 24 сумаас сургалтад оролцож амжилттай төгссөн сургагч багш нар сум орон нутагтаа ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлыг хийж байна. Мөн мод тарьж арчлан ургуулах, тарьц суулгацын нөөцийг бүрдүүлэхэд манлайлан ажиллаж байгаа. Түүнчлэн иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад мод тарих мэргэжил арга зүйн зөвлөгөөг сум бүрт өгч байна.
Тухайлбал, эдгээр сургагч багш нар 24 суманд давхардсан тоогоор 4700 гаруй
хүнд мод тарьж ургуулах, арчлах талаарх зөвлөгөө мэдээллийг өгчээ. Өнөөдрийн
байдлаар 24 суманд 16-25 төрлийн гоёлын болон олон наст ургамал, тарьц бүхий ногоон
байгууламжийг байгуулаад буй гэж аймгийн БОАЖГ-аас өглөө.