Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс 2050 он гэхэд эдийн засгаа 10 дахин тэлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Алс Дорнодын Владивосток хотноо болж буй Дорнын эдийн засгийн VII чуулга уулзалтад оролцож, өнөөдөр буюу 9 дүгээр сарын 7-нд үг хэллээ.
Тэрбээр, “Энэ удаагийн форум цар тахал, геополитикийн нэн хүнд цаг үед болж байна. Гэхдээ бэрхшээл бол шинэ боломж гэдэгтээ би санал нэг байдаг. Санаагаар уналаа гээд юу ч өөрчлөгдөхгүй. Тиймээс бидний бүс нутаг илүү нягт хамтран ажиллаж байж өнөөдрийн хүндрэлтэй нөхцөл байдлыг даван туулна гэдэгт итгэж байна. Тийм учраас өнөөдөр зөвхөн бэрхшээл ярих биш илүү гарц шийдлийн тухай, илүү өөдрөг төсөөллийн тухай ярихыг хүсэж байна. Энэ удаагийн чуулганд миний бие Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, түүнийг хэрэгжүүлэх эхний үе шатын 10 жилийн зорилго болох Шинэ сэргэлтийн бодлогод тусгасан бүс нутгийн ач холбогдолтой томоохон төсөл, хөтөлбөрүүдийн тухай товч танилцуулъя.
Монгол Улс 3.3 сая хүн амтай. Хүний хөгжлийн индексээр дэлхийн 189 орноос 99-т эрэмбэлэгдэж байгаа. ДНБ 13.8 тэрбум ам.доллар. Нэг хүнд ногдох ДНБ өнөөдөр 4656 ам.доллар байна. Монгол Улс нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээр дэлхийд 1-т жагсадаг ч нийслэл Улаанбаатар хотод хүн амын талаас илүү хувь нь амьдардаг. Энэ бол бас бидний шийдэх ёстой асуудлуудын нэг болж байгаа.
Монгол Улс “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг 2020 онд баталсан. Энэ хөтөлбөр бол Монгол Улсын эдийн засгийг 2050 он гэхэд 10 дахин тэлэх, нийгмийн хөгжил, эдийн засгийн тэлэлт, иргэдийн амьдралын чанараар бүс нутагтаа тэргүүлэгч улс орнуудын нэг болох зорилт тавьсан. Энэ зорилгод хүрэхийн тулд, мөн цар тахлын үеийн эдийн засгийг богино хугацаанд сэргээхийн тулд Шинэ сэргэлтийн бодлогыг бид УИХ-аар батлуулсан. Энэ бол “Алсын хараа-2050” бодлогын эхний 10 жил буюу 2030 он хүртэлх боомтуудын хүчин чадлыг сайжруулах, эрчим хүчний хүчин чадлыг сайжруулах, аж үйлдвэр, хот хөдөөгийн тэнцвэрт хөгжил, ногоон хөгжил, төрийн бүтээмж гэсэн зургаан зорилтыг дэвшүүлсэн хөтөлбөр юм.
Шинэ сэргэлтийн бодлого амжилттай хэрэгжиж чадсанаар ДНБ багадаа 3 дахин тэлж, эрчим хүчний чадал 2.5 дахин нэмэгдэж, боомтын хүчин чадал 3 дахин, экспортын хэмжээ 2 дахин өснө гэсэн төсөөллийг бид хийсэн. Шинэ сэргэлтийн бодлогыг боловсруулахдаа ОХУ, БНХАУ-ын хөгжлийн бодлого төлөвлөлт, бүс нутгийн зорилготой нарийн уялдуулсан.
Энэ хөтөлбөр олон улсын аж ахуйн нэгжүүд, хөрөнгө оруулагчдын идэвхтэй оролцоо, бүс нутгийн хамтын ажиллагаанд тулгуурлан харилцан ашигтай ажиллах түншлэлийн цогц хөтөлбөр гэж бид үзэж байгаа. Өнөөдөр боомт, эрчим хүч, аж үйлдвэрийн төслүүдийг товч танилцуулъя.
Монгол Улсын хувьд далайд гарцгүй. Тиймээс хилийн боомт бол туйлын чухал. Монгол Улс өнөөдөр хуурай замын 42 боомттой. Агаарын замын 4 боомттой. ОХУ-тай 29, БНХАУ-тай 13 боомтоор хиллэдэг. Эдгээр боомтуудыг хөрш орнуудын стандарттай уялдуулж, олон улсын жишиг боомт болгон хөгжүүлэх бодлогыг бид Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд дэвшүүлээд байгаа. Боомтын хүчин чадал 3 дахин нэмэгдсэнээр Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын ачаа тээврийн эргэлт 3 дахин өсөх боломжтой гэж үзэж байгаа.
Зүүн босоо тэнхлэгийн төмөр замын төслийн талаар ОХУ-ын төмөр замын удирдлагуудтай санал солилцож байгаа. Зүүн босоо тэнхлэгийн төмөр замаар гурван улсын ачаа тээврийн транзитыг хийх төсөл. Энэ төсөл амжилттай хэрэгжвэл бид баруун босоо тэнхлэгийн төмөр замыг тавих боломжтой гэж үзэж байгаа бөгөөд урьдчилсан ТЭЗҮ-г боловсруулсан. Монгол Улс боомтын хамтын ажиллагаа, дэд бүтцийн төслүүд, агаарын тээврийн шинэчлэл, карго тээврийн чиглэлийн төслүүдийн талаар олон улсын хөрөнгө оруулагчидтай идэвхтэй хамтран ажиллахад бэлэн байгаа гэдгээ илэрхийлж, жишээ болгон энэ төслийг танилцуулж байна.
Хоёрдугаарт, бид эрчим хүчний салбарт томоохон бүтээн байгуулалт хийх зорилттой байгаа. Монгол Улс бүс нутгийн хэмжээний эрчим хүчний томоохон төслүүдэд харилцан ашигтай, хамтран ажиллах бэлэн байна. Өргөн уудам газар нутагтай Монгол Улсын хувьд бол эрчим хүчээр дотоодынхоо хэрэглээг хангаад зогсохгүй экспортлогч орон болох бүрэн боломжтой гэж үзэж байгаа.
Сэргээгдэх эрчим хүчний төслүүдийн хувьд бид нар Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг БНХАУ-ын талтай хамтран хэрэгжүүлэхэд бэлэн болсон. Ирэх хавар төслийн үйл ажиллагаа эхэлнэ. Мөн ОХУ-тай Эгийн голын усан цахилгаан станц болон бусад эрчим хүчний цахилгаан станцуудын өргөтгөл шинэчлэлийн багц төслийг хамтран хэрэгжүүлэх саналтайгаар нарийвчилсан судалгаануудаа авч ирсэн. Монгол Улсын бүс нутагт хэрэгжих эрчим хүчний төслүүдэд түншлэн ажиллах сонирхолтой аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчидтай нээлттэй хамтран ажиллахад бэлэн байна.
Мөн энэ танхимд манай Эрчим хүчний сайд болон албаны бусад хүмүүс хүрэлцэн ирсэн байгаа. Монгол Улс Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд аж үйлдвэржилттэй холбоотой томоохон реформ хийж байгаа. Монгол Улсын экспортын 92 хувь нь уул уурхай, түүний дотор 31 хувь нь зэсийн хүдэр, 30 хувь нь чулуун нүүрс, 11 хувь нь алт, 10 хувь нь төмрийн хүдэр байдаг. Энэ оны нэгдүгээр сарын 25-нд дэлхийд тавд эрэмбэлэгдэх өндөр технологийн гүний уурхай болох Оюутолгойн Гүний уурхайн бүтээн байгуулалт эхэлсэн. Ирэх жилийн энэ үе гэхэд бүрэн хүчин дуусгасан байна. Та бүхэн дэлгэцэн дээр Монгол Улсын аж үйлдвэр, хүнд үйлдвэрийн төслүүдийн талаар байршил, мэдээллийг харж байна. Хөрөнгө оруулагчид та бүхэнтэй идэвхтэй хамтран ажиллахад бэлэн байна. Мөн бид гурван улсын томоохон төслүүдийн нэг болох байгалийн хий дамжуулах хоолойн төслийн талаар өнөөдөр Газпромын удирдлагуудтай санал солилцсон. ТЭЗҮ дууссан. Олон улсын сайн түншлэгч гэдгээ харуулж бид энэ төсөл цаг хугацааны төлөвлөгөөнийхөө дагуу явж байгаа гэдгийг хэлэх нь зөв. БНХАУ-ын талтай ярилцах зүйлс бий. Өнөөдөр хуралд оролцож байгаа БНХАУ-ын Их хурлын даргатай хэд хоногийн дараа Монголд уулзаж, дэлгэрэнгүй санал солилцохоор төлөвлөсөн байгаа.
Монгол Улс Шинэ сэргэлтийн бодлогод нийцүүлж, хөрөнгө оруулалтын орчин, гадаад худалдаа, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах эрхзүйн цогц реформ хийж байгаа. Нийтдээ 30 гаруй том хуулийг бид УИХ-аар батлуулж байгаа.
Монгол Улсын Засгийн газар төрийн бүх үйлчилгээг “E-Mongolia” цонхонд нэгтгэсэн. Цаашид Е-Business үйлчилгээгээр хөрөнгө оруулагчид, дэлхийн аль ч улс орноос Монгол Улсын эдийн засгийн харилцаанд түншлэн ажиллах боломжийг бүрдүүлэх болно.
Тийм учраас хөрөнгө оруулагчдыг Монгол Улсад цахим ертөнцөөр дамжуулж идэвхтэй ажиллах, биечлэн очиж бизнесийн хамтын ажиллагаанд оролцохыг урьж байна. Дэлхий дахин цар тахлын хүндрэлийг даван туулж, олон улсад энх тайван тогтож, эдийн засаг сэргэж, манай бүс нутаг эдийн засгийн хөгжлөөр дэлхийд манлайлах сайхан цаг ирэхийг ерөөе” гэв.