ДОРНОД: Дорнод аймаг газар зүйн байрлал, цаг агаарын хувьд эрсдэл өндөртэйд тооцогддог

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2022-09-09 07:27:22

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймаг газар зүйн байрлал, цаг агаарын хувьд эрсдэл өндөртэй бүс нутагт хамаардаг. Учир нь тал хээр голдуу газар нутагтай, хуурайшилтын нөхцөл байдал тухайн жилийн хур тунадаснаас шууд шалтгаалдаг, хавар намартаа хуурайшилт өндөр, тэр хэрээр ой, хээрийн түймэр гарах эрсдэл нэмэгддэг. Жилд их, бага хэмжээгээр 300 гаруй тал хээрийн түймэр бүртгэгддэг гэсэн судалгаа ч бий. 

Энэ мэт эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд дан ганц мэргэжлийн байгууллага ажиллахаас илүү олон нийтийн мэдлэг ойлголтыг сайжруулж, арга зүйг эзэмшүүлэх нь чухал. Тиймээс Дорнод аймагт сүүлийн жилүүдэд гамшгийн үеийн бэлэн байдлыг хангах, олон нийтийн мэдлэг ойлголтыг сайжруулах чиглэлээр төсөл хөтөлбөрүүдийг идэвхтэй хэрэгжүүлж байна. Үүний нэг нь "Дэлхийн зөн" ОУБ, АНУ-ын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжүүлсэн "Гамшигт тэсвэртэй орон нутаг" төсөл юм.  Уг төслийг Хэрлэн сумын найман баг, хоёр байгууллагад хэрэгжүүлж, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр 260 орчим сая төгрөгийн ажил хийсэн байна. Тухайлбал, Бүсийн төв Дорнод аймгийн ОБГ-т цахим хурлын танхим, иргэдэд зориулсан галын сургалтын танхим, ГБХЗХГ-т "Мазаалай" танхим байгуулж, сургагч багш нарыг бэлдсэн зэргийг дурдаж болно. Энэхүү гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төв нь галын сургалтын иж бүрэн танхим, газар хөдлөлтийн үед ахуйн нөхцөлд ямар арга хэмжээ авах зэргийг тайлбарлах жишиг өрөө, эмч, сургагч багш нарын сургалт явуулах танхимуудтай. 

Цаашид гамшгийн үеийн арга зүйг эзэмшсэн хүмүүсийг бусад сум, багт томилж, сургагчид бэлтгэх, мэдлэг дадал олгох ажлыг аймаг орон нутгаас үе шаттай хэрэгжүүлнэ гэв. Түүнчлэн малын гоц халдварт өвчнийг бууруулах, тархалтыг зогсоох чиглэлээр "Цаг уурын өөрчлөлтөд тэсвэртэй орон нутаг" төслийг хилийн бүс дагуух зургаан суманд хэрэгжүүлэхээр болжээ. 

Холбоотой мэдээ