Х.Болорчулуун: Дотоодын үйлдвэрлэлийг татварын бодлогоор хамгаалж дэмжинэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун Жижиг, дунд үйлдвэрийн газрын үйл ажиллагаатай танилцан, бодлого чиглэлийн талаар санал солилцож, үүрэг чиглэл өглөө.
Тэрбээр, “Монгол Улс жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд сүүлийн 10 жилд 991 тэрбум төгрөг зарцуулсан. 2021 онд манай улс 4.6 миллиард долларын валютын нөөцтэй байсан бол 8 сарын дотор 2.5 миллиард доллар үлдсэн байгаа нь үйлдвэрлэл хөгжөөгүйн илрэл. Цаашид дотоодын үйлдвэрлэлээ дэмжих, борлуулалтын зах зээлийг хамгаалахад бодлогоо чиглүүлнэ.
Дотоодын үйлдвэрлэлийг импортын нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнээс хамгаалахын тулд татварыг 20-30 хувьд хүргэх шаардлагатай. Эхний ээлжид импортыг орлох, дотоодод үйлдвэрлэж хэрэгцээгээ хангах боломжтой хүнсний бүтээгдэхүүний татварыг үе шаттай нэмнэ. Сайдын хувьд мөрийн хөтөлбөр болгон ажиллана.
2020 онд УИХ-аас “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай" тогтоолын хавсралтыг өөрчилж, хүнсний ногооны татварыг 30 хувь болгон нэмсэн. Энэ үед хүнсний ногооны 45 хувийг дотоодоосоо хангаж байсан бол тогтоол хэрэгжсэн 2 жилд 70 хувьд хүрсэн. Ирэх 2 жилд 100 хувьд хүргэж чадна.
Ирэх жилийн төсөвт үйлдвэрлэл дэмжих зээл суулгахыг хичээнэ. Ингэж чадвал зээлийг жинхэнэ үйлдвэрлэгчдэд зориулалтаар нь олгоно. Та нарын үйл ажиллагаанаас манай улсын жижиг, дунд үйлдвэрийн үйл ажиллагаа ихээхэн хамаарах учир зорилгоо биелүүлэхийн төлөө хичээн ажиллахыг үүрэг болгож байна” хэмээжээ.