ДУНДГОВЬ: Монгол адууны гайхамшигт өв соёлыг таниулж, сурталчлав

ОРОН НУТАГТ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-09-13 17:39:41
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Адаацаг сумын нутаг  “Сүм хөх бүрд” хэмээх байгалийн үзэсгэлэн бүрдсэн, түүх соёлын дурсгалт газарт нүүдэлчин түмний адууны өв соёлыг нэгэн дор харуулсан “Адууны өв соёл” цогц үйл ажиллагаа өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо.

Энэ жил Дундговь аймагт бороо хур элбэг, цаг сайхан байгаа тул нутгийн ард түмний хэлж байгаагаар сүүлийн 20-иод жил болоогүй, налгар сайхан намар болж байна. “Налгар” хэмээн тодотгохын учир нь аймгийн ихэнх нутгаар өвс, ногоо тэгширсэн, дулаан сайхан намар болж, адуутай малчин өрх бүр унагаа уяж, айраг, сүү, цагаан идээгээ жил жилээс илүүтэй арвин бэлтгэж байгаа юм.  

2021 оны жилийн эцсийн мал тооллогоор Дундговь аймаг 3,172.5 мянган толгой мал тоолуулснаас 158.7 мянга нь адуу байгаа бөгөөд энэ жил сүүлийн 10 жилд хамгийн олон буюу 65.27 мянган гүү тоолуулжээ. 15 сумаас адууныхаа тоогоор Эрдэнэдалай, Сайнцагаан, Адаацаг, Өндөршил, Хулд сум тэргүүлдэг ажээ.

Налгар намрын энэ өдрүүдэд монгол адууны өв соёлоо нэгэн дор сурталчилж, таниулах соёлын энэхүү үйл ажиллагааг аймгийн ЗДТГ, ХХААГ, СУГ, БОАЖГ,  “Говийн шуранхай” аялал жуулчлалын холбоо, Адаацаг сумын ЗДТГ хамтран зохион байгуулсан.

Тус баярын үйл ажиллагаанд дотоод, гадаадын жуулчид оролцож, гүүний үрс гаргах, унага тамгалах, хул залах ёслол, адууны өв соёл эдлэл хэрэгсэл, ардын урлагийн тоглолтыг үзэж сонирхон, “Адуучин” тэмцээн, дэмбээ, талын хуруу гаргах, айраг уух, бөхийн барилдаан, “Сайхан хос морьтон” шалгаруулах уралдаан тэмцээнд оролцож, үзэж сонирхон өв соёлоороо бахархан өнгөрүүлжээ.

Аймгийн аварга шалгаруулах “Адуучин” тэмцээнд 15 сумын 42 шилдэг адуучид оролцсоноос Адаацаг сумын адуучин Э.Жанцандорж тэргүүлж, мөн сумын адуучин Б.Лхагвасүрэн, Өндөршил сумын адуучин М.Өсөхбаяр, Дэлгэрцогт сумын адуучин Э.Гүрүүням, Адаацаг сумын адуучин Б.Бэгзсүрэн нар удаалав.


“Сайхан айрагтай өрх” шалгаруулах тэмцээнд 34 айл айргаа сөгнөснөөс Адаацаг сумын малчин О.Гансүх, Луус сумын малчин С.Энхболд, Адаацаг сумын малчин Г.Ганбат нарын айраг эхний байруудад шалгарчээ.

Айраг уух тэмцээнд эрэгтэй 26 хүн оролцож, Адаацаг сумын эрэгтэй оролцогч Г.Оч-Эрдэнэ 2,5 л айраг, эмэгтэйчүүдээс Эрдэнэдалай сумын оролцогч Улам-Өрнөх 1,7 л айраг ууж түрүүлжээ.

Харин “Сайхан хос морьтон” шалгаруулах тэмцээнд Эрдэнэдалай сумын оролцогч Ө.Батсуурийн гэр бүл түрүүлж, Адаацаг сумын Б.Намжилдорж,  М.Нямлхагва нарын гэр бүл удаах байруудад шалгарсан.  


Гүүний үрс хийх ёс

Монголчууд гүүгээ үр сарын /зуны эхэн сарын/ эхээр бар өдөр барьж, намар нохой өдөр тавьдаг заншилтай. Үүний учир нь зурхайн ёсонд бар, морь, нохой гурав ивээл жил гэж үздэг. Гүүний үрс гаргахаас өмнө гүүн зэлийнхээ дээд эхэнд цагаан эсгий дэвсэж, тусгай ширээн дээр олон зүйлийн тахил тавиад ширээний өмнөх том модон хувинд сүү дүүргэж, түүнээ уурганд дамнан есөн нүдтэй сацлаар сүүгээ сацна. Тэгэхдээ уурганд дамнасан сүүгээ явган болон мориор явж сацал өргөдөг. Сацал сацах хүн нь ямагт эр хүн байна.

Гүү барихад эхлээд ууган унагаа уургална. Уургын хуйвны угсуурганд улаан утас уяна. Ингээд үрсний найрт оролцогсдоо есөн бор /цагаан/ морьтой хүнийг сонгон, гүүн зэл рүү очиж, зэлний эхэнд хүрэхэд гэрийн эзэн сүүтэй хувингаа уурганд дамнан өлгөж, морьтой хоёр хүнд бариулах ба энэ үед морьтноос нэг нь сацал өргөн “цөөн хэд”, “цэгэн цад”, “цоод хайрхан” хэмээн уухайлна.

Мөн гүүний сацлын судрыг өндөр дуугаар унших нь ч бий. Морьтнууд гүүн зэлийг нар зөв эргээд азарганыхаа дэлд хадаг сүлжиж, ууган унаганы толгойд хадаг зүүн мялаана. Морьтнууд сүүтэй хувингаа газар хүргэлгүй явж гэрт хүргэнэ. Ингэхэд зэлийн доод эхэнд байсан цай идээг гэрт авчирна. Энэ хооронд гурав үдэлж ирдэг. Амрахдаа “бууяа” гэх, хөдлөхдөө “нүүеэ” гэдэг. Тэднийг гэрийн үүдэнд ирэхэд “үрсний идээ шүүс хүргэж ирлээ” гэж хэлдэг аж.

Гэрийн эзэн гарч ирээд “сайн явж ирэв үү, хаана үдлээд, хаа хоноод ирэв” гэж асууна. Тэгэхэд үрс хүргэгсэд нутаг орныхоо аль алдартай уул усны нэрсийг хэлж, тэнд үдлээд, тэнд хоноод ирлээ гэж хэлдэг аж. Гэрийн эзэн ууцнаас амсаад, шүүсийг зочдод түгээдэг. Ингэсний дараа ерөөлч ерөөл тавина. Зочид идээ шүүс зооглон найрлаж гүүний үрс гаргах ёслол өндөрлөдөг.


Адуу тамгалах ёс

Монголчууд намар унага тамгалах ёслол хийдэг уламжлалтай. Адууг хоёр, гурван настайд нь хавар, намрын улиралд тамгална. Олонх газар заншлаар бол хавар ханшийн үеэр адуугаа дэллээд тамгалдаг.

Мал таргалах үед тамгаа галд ариулан цагаан идээгээр мялааж, хадгаар ороогоод авч явдаг. Гэхдээ заавал гэрийн эзэн буюу эрэгтэй  хүн морин дээрээ авч явдаг боловч ганзагалж болохгүй заавал бүсэндээ хавчуулж буюу үүрч явах заншилтай байжээ.

Тамга үйлдэхдээ малын буян хишиг арвижих, элдэв хорлол хөнөөлөөс зайлуулж чадах бэлгэ дэмбэрэлтэй дүрс хэлбэрийг чухалчлахаар үл барам өөрийн угсаа үндэстнийхээ дархнаар хийлгэдэг гэнэ. Тамгаа өлзий бэлэгтэй сайн өдөр сонгож гардан аваад гэртээ авч ирдэг.  

Тамга дарахдаа тамганы бариулд хагас хадаг уядаг ёстой. Адуунд тамга дарахдаа тамгалах газрынх нь үсийг хайчлах буюу усаар норгосны дараа халуун тамгаа эв зүйтэй дардаг. Тамгыг аргал хөрзөнгийн галаар халааж, хэт улайсгахгүй байх хэрэгтэй.

Монголчууд морь малынхаа хаан дээр тамга дарахыг цээрлэж булчин шөрмөсийг гэмтээв гэнэ. Адууны зөв талын гуян дээр тамгална. Тун онцгой байдал гарвал буруу талын гуян дээр нь тамгалах нь ч бий. Адууны гуя ташаанаас нь өөр газарт нь тамгалдаггүй.  Бас тамгаа толгойн зүгт нь харуулан тэгш, төв дарах чухал ёс буй.

Тамганы дээгүүр алхаж гарахыг онцгой цээрлэх бөгөөд мал тамгалах үедээ тамганы толгойг доош харуулж явах ч цээртэй. Ялангуяа малын тамгаар газар тамгалбал, мал хорогдоно гэж үзэн онцгой цээрлэдэг. Худалдах адууны дэл хялгаснаас сугалан авч ишинд нь уяад малынхаа хишиг буяныг тамгандаа хурааж хадгалах заншилтай. Сүүлчийн нэг адууг тамгалахдаа “Тамгалсан адуу минь тал бүрхэж, тэмдэглэсэн адуу минь тэнгэрийн од шиг үржээрэй” гэж ерөөдөг. Адуугаа тамгалж дууссаны дараа оролцсон хүмүүсийг гэртээ урьж, идээ шүүс тавьж, айргаа сөгнөн цайлж дайлдаг ажээ.


Дэмбээ наадаан

“Дэмбээ наадаан” тэмцээнд 82 дэмбээчин оролцож, Адаацаг сумын дэмбээчин Ж.Дармаагадь түрүүлэн, Г.Өлзийжаргал удаалж, Сайнцагаан сумын оролцогч Б.Баянжаргал, Дэлгэрцогт сумын оролцогч Г.Баянжаргал нар удаалсан аж.

Дэмбээ нь монголчуудын дунд их дэлгэрсэн наадмын нэг төрөл юм. Дэмбээг зун цагт цэгээ дэлгэрсэн үед малчин ардууд хонь малаа хотлуулсны дараа нааддаг. Дэмбээ нь богино аялгуутай шүлгийн хувьд тоглогчоос эхлээд нэг мөр аялгуулан шууд зохиомжлон хэлдэг. Монгол дэмбээд, хожигдсон өрсөлдөгч нь тодорхой хэмжээний айраг уудаг. 



Холбоотой мэдээ