Хоёр Тамирын хөндийн буурал түүхийг анирдахуй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2015-10-03 22:46:21

Мэдээллийн ууган байгууллага МОНЦАМЭ агентлагийн төвийн болон орон нутгийн сэтгүүлчдийн сурвалжлах баг Арын сайхан хангайгаар бүтэн гурван өдөр аяллаа. Манайхан цуврал тэмдэглэл, сурвалжлагаа сайтдаа тавьсаар л байна.

Миний хувьд Архангай аймагт анх удаа л хөл тавихдаа тэр нутгийн нэрт яруу найрагч Довчингийн Отгонсүрэнгийн

“Дарьгангын жаахан шарга”-ыг

Уяран дуулсаар ганихарлаа

Дарьгангын жаахан хонгорт

Унан дурлаад биширлээ.

Ар Халхын нутаг минь

Дуугаар дутаад дуулсангүй

Арын сайхан Хангай минь

Охидоор дутаад дурласангүй” гэсэн гэгээн хайрын тухай сайхан шүлгийг сэтгэлдээ уншиж явсан юм. 

 Арын сайхан хангай маань  үнэхээр өвөг дээдсийн соёл түүхийн  өлгий нутаг юм байна. Тэндэхийн уулс, дов толгод, нуга хөндий, нуур цөөрөм, гол булаг нь тэр чигээрээ л буурал түүхийн өв соёлыг халгалж байнам. Иймээс  хоёр Тамирын хөндийн буурал түүхийн жим харгуйгаар  аялахдаа олж сонссоноо олонтойгоо хуваалцая.

Уйгарын Хар балгас

Биднийг нутгийнхаа хилийн цэс дээр Онцгой байдлын газрын тусгай улаан машинтай угтаж  авсан  Архангай аймагт дахь сурвалжлагч Л.Булган маань  Хар балгас  тийш замчлахдаа  нэгэн мянганы тэртээх нүүдэлчин түмний хот балгадын талаар цухас ярьж явлаа.

Архангай аймгийн Хотонт сумын нутагт, Орхон голын баруун хөндийд байрладаг   “Хан балык” буюу Хар балгас нь 745-840 оны хооронд Монголын  тал нутаг дэвсгэр дээр оршин тогтнож байсан Уйгарын хаант улсын нийслэл байжээ.

         Хар балгас хотод 50 хд км талбайг эзэлсэн 412*491 м  хэмжээтэй хэрэм бүхий  хааны ордон, төрийн яам, сүм хийд, гар  үйлдвэр, худалдааны  хороолол байсан талаар  туурийн дэргэд босгосон самбараас уншиж мэдлээ.  Нэгэн мянга гаруй жилийн тэртээх нүүдэлчин түмний их хотын үлдэгдэл  туурь эдүгээ буурал түүхээ  хүүрнэнэ.  Хар балгасыг  1996 онд дэлхийн соёлын өвд “дэлхийн гайхамшигт үнэт зүйл болох нь” зэрэглэлээр бүртгэж, 2012 онд улсын хамгаалалтад авсан байна.

Булган хангай уул

Архангай аймгийн төв Цэцэрлэг хот нь үзэсгэлэнт сайхан Булган хангай уулынхаа өвөрт байрладаг юм байна.

Манай сурвалжлагч Л.Булган, тус аймгийн Засаг даргын тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга  Д.Оюунчимэг  нар  Булган уулын хууч, домгоос ярьж явсан. Далайн төвшнөөс дээш 1980 метрт өргөгдсөн  Булган уулын урд талыг тохижуулж хөшөө дурсгал босгон аялал жуулчлалын нэгэн бүс болгожээ.

       Нэгэн домог   

 Эрт дээр үед  Булган хангай уулын орчмоор  Сайн ноён  хан аймгийн дайчин чин ван Наянтын хошуу,  Зая бандидын шавь  нутгийн хил зааглаж байсан учир уулаа үргэлж булаалцдаг байжээ. Заяын гэгээн “Булган хангай хэзээний миний  шавийн нутаг”  хэмээн бахархаж  энгэрт  нь хүрээ  хийдээ байгуулжээ. Тэгэхлээр нь үе улиран Бээжинд сууж байсан Наянт ван  “манай хошууны нутаг”  гэж хүчээр  түрээ барьж  мөн энгэрт нь  Галдан зуу гэдэг бурханы сүм бариулжээ.  Зая бандид бас л “миний нутаг би эзэмших ёстой”  гээд Булган хангай уулын энгэрт орших элгэн хадан дээр Богд Зонховын дүрийг  арилдаггүй цосон будаг шунх сэлтээр урлаж зуруулсан байна.  Харин Дайчин ван  шаралхаад уулын оргил дээр  хошууныхаа туг далбааг  босгосон  гэнэ.

Харин тэр хадан дээр зурсан Богд Зонховын дүрийг гучаад оны их хэлмэгдүүлэлтийн үед яаж ч хусч арилгах гээд чадаагүй  юм гэнэ лээ. Одоо ч тэр бурханы хөрөг зураг тодоос тод харагдаж байна лээ.

Заяын гэгээний хүрээ

Анхдугаар Зая бандид  Лувсанпэрэнлэй 1679 онд 5 дацан, 200 ламтайгаар анх байгуулсан түүхтэй юм байна. Мөн л гучаад онд үрэгдэж сүйджээ.  Хуучны Заяын хүрээнээс үлдсэн Гүдэн сүм, баруун, зүүн Сэмчинг сэргээн засварлаж эдүгээ аймгийн Угсаатны зүйн музей байрлаж байв.  Тус музейн тайлбарлагч залуугийн яриагаар  уг гурван барилгыг  1971 онд аймгийн, 1994 онд улсын хамгаалалтад авсан байна.  Заяын гэгээний эдэлж хэрэглэж байсан эд өлгийн зүйлээс аваад угсаатны зүйн үнэхээр баялаг үзмэртэй музей байлаа. Ямар сайндаа л “Та нар бүтэн гурван цаг музей үзээд хөтөлбөрийн арга хэмжээний цагийг  алдагдууллаа” гэж  Л.Булган маань биднийг зэмлэж байхав дээ.

Чонын хөшөө

Аймгийн Угсаатны зүйн музейн гурван барилгын голд нэгэн чулуун хөшөө байлаа. Яст мэлхий дээр босгосон метр гаруйн өндөртэй чулуун хөшөөний дээд талд нь хүүхэд хөхүүлж буй чоныг  товойлгон дүрсэлсэн байв.

       Уг хөшөөг 1958 онд археологич Ц.Доржсүрэн  Их Тамир сумын  Бугат багийн  нутаг Хаалгатын ам гэдэг газраас олжээ.  Хөшөөний хоёр талд 527-581 онд төв Азид төр улсаа байгуулсан Түрэг улсын дөрвөн хааны нэр, түүхэн үйл явдлыг  согд үсгээр тэмдэглэн бичсэн, манай эрний 582 онд босгосон, Түрэгийн хаант улсын  хамгийн эртний хөшөө  дурсгал болохыг эрдэмтэд тогтоожээ.

 

Гэгээнтний занданшуулсан шарил

 

​ ​​ ​

      Анхдугаар болон 4 дүгээр Зая бандиад гэгээнтний занданшуулсан шарил аймгийн хийдэд байрлаж байлаа. Биднийг  хийдээр ороход лам нар нь гэгээнтний шарилтай тусгай өрөөгөө нээж тэнд  мөргөж сүсэглэх төдийгүй зураг авах боломжийг олгосон юм. Хуучнаар Заяын хүрээний Гүдэнд сүмд буюу  аймгийн Угсаатны зүйн музейд байрлаж  байсан гэгээнтний шарилыг хийддээ залж сүсэгтэн олондоо тодорхой тогтсон цаг хугацаанд сүслэн залбирах боломж нөхцлийг нь бүрдүүлжээ.

Тайхар чулуу

 Булган хангай уулын баруун дээгүүр давах давааг  Цагаан даваа гэдэг юм байна. Сурвалжлагч Л.Булганы хэлснээр “Амбан ноёныг сөгдүүлсэн Алдарт  буурал Цагаан даваа”-гаар давж хойт Тамирын хөндий буюу Донгой Тамирын бэлчир уруудлаа. “Тэр зүүн талын даваан дээр “Гарьд магнай” киноны Далайцэрэн замд гээгдсэн хоёр том ачааг үүрээд гарч ирдэг зургийг  авсан юм шүү дээ” гэж байна. Хангайн нурууны Хөх нуураас эх  авч урсдаг Хойт Тамирын гол, Луу гүний хүрээ нь алдарт “Тунгалаг тамир” роман болоод киноны өлгий нутаг юм аа.   Хойт Тамирын хөвөөнд бидний очсон  түүхийн нэгэн  хосгүй дурсгал нь Тайхар чулуу байлаа. Хажууд нь өөр ямар ч  хад цохио, асга байхгүй,  тэгш талд сүндэрлэсэн 16 метр өндөр хадан цохио. Чулуун суварга ч гэмээр юм уу. Тайхар чулуун дээр зурж сийлсэн элдэв дүрс, хөрөг, тамгаас гадна согд, кидан, уйгар, монгол, төвд, тод бичиг зэрэг 150 гаруй бичээс байсаныг эрдэмтэд судлан тогтоожээ. Харамсалтай нь эдүгээ цагт  тэр бичиг бичээс цөм арилж бүдгэрэн, харин  кирилл үсгээр  элдэв нэр хаягаа бичиж зарлалын самбар мэт эрээчсэн байв.

Нэгэн домог

Эрт цагт Тамирын голын хөвөөнд гэнэт нэгэн том аварга могой гарч  ирэн хавь ойрын амьтныг залгиад, хүн амьтан айж сандран явж  чадахаа байжээ. Тэр хавьд нь Бөхбилэг хэмээх нэгэн их хүч тамиртай эр байжээ.  Бөхбилэг Булган хангай уулнаас нэгэн том ургаа чулууг суга татан авч шидсэнд аварга могойн толгойг даран унасан байна. Тэр чулууг аварга могойн тархийг даран унасан тул  “Тархи  чулуу” гэдэг  байсан нь сунжраад  Тайхар чулуу болсон гэнэ.  Мөн аварга могойн сүүл  цухайсан газрыг  Сүүл толгой гэдэг болжээ. Эгнэшгүй хүчит Бөхбилэгт түр амсхийгээд босохдоо хүч тэнхээгээ дуудан “шүү-шаа” хэмээн хэлсэнээр Шүүшаа Шивэрт  нэртэй газар  байдаг гэнэ. 

    

Урт намрын орой урд Тамирын хөвөөнөө...

Урд Тамирын эрэгт  намрын шингэх нарны шаргал туяанд түр саатлаа. Тэр орой Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Г.Жамц ах маань олон сайхан түүх, домог ярьж  суув.  Даанч бичиж тэмдэглэж авч үлдсэнгүйдээ хармаснам. Урд Тамирын голын баруун хөндийд Манжийн амбан түр байрлаж байсан  туурь балгас байдаг гэнэ. Манжийн амбан  төв халхын үзэмж төгс нутагт суурьшихаар ирсэн ч нутгийн ард түмний шахалтаар арга буюу Завханы Улиастай тийшээ нүүдэллэн оджээ.

 

 Сурвалжлагч Л.Булганы  хэлснээр Архангай аймаг аялал жуулчлалын 5 бүс чиглэлтэй юм байна.  Бид зөвхөн “Гурван Тамирын бэлчир” буюу Цэцэрлэг хот, Тайхарын бүсийн түүх соёлын өв, унаган байгаль орчинтай нь танилцав. Тэгэхдээ бид Цэнхэрийн халуун рашаан, Хонгорын ам, Хөнхөрийн  хясаа, Шивэртийн хөндий, Суварга хайрхан, Өгөөдэй хааны ордоны туурь, Өлгий нуур гээд  хөтөлбөрт тусгагдсан түүх соёлын олон  сайхан дурсгалыг үзэж амжсангүй. 

“Хол холоо явахад  ойрхоон санагдаад байдаг аа

Гол голоос хайртай нэгэн гол байдаг аа

Чулуулт, Чулуут, Чулуут минь гэж  зүүдэлж сэрээд байдаг аа

Халуут эгч хийгээд ахын суугаа гол оо”  хэмээн яруу найрагч Чимидравдангийн Мягмарсүрэнгийн дуулсан үлгэр домгийн юм шиг тэр сайхан Чулуут голын бараг  өнгийж хараад  л буцлаа, энэ удаад.  Явдал аяны  харгуйг эвхэн эргэж очих  л байлгүй дээ.

Г.Сүхээ

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд