Д.Рэгдэл: Эрдэмтдийнхээ хүчээр үндэсний атласаа гаргасан дэлхийн цөөн улсын тоонд орж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шинжлэх ухааны анхны төв байгууллага Судар бичгийн хүрээлэнд орчин цагийн Газарзүйн шинжлэх ухаан үүссэний 98, Газарзүй-Цэвдэг судлалын хүрээлэн байгуулагдсаны 60, Геоэкологийн хүрээлэн байгуулагдсаны 25, Төрийн шагналт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Ш.Цэгмид агсны 100, Төрийн шагналт, газарзүйн ухааны доктор, цэвдэг судлаач Н.Лонжид агсны 100 жилийн түүхэн тэмдэглэлт ой энэ онд тохиож байна.
Ойн хүрээнд “ТҮҮХЭН 60/25 ЖИЛ & ИРЭЭДҮЙ” сэдэвт ололт, амжилт, цаашдын зорилго, хамтын ажиллагааны хэлэлцэн дүгнэх хурал, түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж, “Монгол Улсын Үндэсний Атлас” бүтээлийн нээлт боллоо.
Үндэсний атлас нь монгол-мнгли хэлээр 1000 гаруй хувь хэвлэгдсэн бөгөөд нийт 246 зургийн тоон мэдээ, нэр, тайлбарыг шинэчилжээ. Үндэсний атлас нь дөрвөн бүлэг, 22 дэд бүлэгтэй аж.
Тус бүтээлийн ерөнхий редактор, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Д.Доржготов "Монгол Улсын ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгээс Монгол Улсын үндэсний атласыг гурав дахь удаагаа зохиож байна. Анхны атлас 1990 онд Орос-Монгол хэлээр Москва хотод хэвлэгдэж байсан. Үүний дараа 2009 онд Солонгос улсад хоёр дахь атласыг хэвлүүлж байсан. Гурав дахь атласыг энэ жил гаргаж байна. Үндэсний атлас 2009 онд хэвлэгдсэнээс хойш 13 жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд манай орны байгаль орчин, нийгэм, эдийн засагт нэлээд өөрчлөлт орсон. Эдгээр өөрчлөлтийг гурав дахь атласт тусгасан.
Эхний атлас 2000 гаруй хувь
Хоёр дахь атлас 1500 гаруй хувь
Гурав дахь хэвлэл 1000 хувь хэвлэгдэн гарсан байгаа.
Үндэсний атласыг ойролцоогоор 20-30 жилд нэг удаа шинэчилж хэвлэх шаардлагатай байдаг" гэв.
Монгол Улсын үндэсний атласын шинжлэх ухаан-редакцийн зөвлөл энэ оны наймдугаар сарын 4-нд хуралдаж, атласын зургуудыг хэлэлцсэн. Тус хурлаар “Монгол Улсын үндэсний атлас”-ыг хэвлэлтэд шилжүүлэхийг зөвшөөрсөн тогтоол гаргасан байна.
Цаг хугацааны шалгуур, уур амьсгалын өөрчлөлт, эдийн засаг, хүн амын хурдацтай өсөлт, байгалийн нөөцийн ашиглалтаас улбаалан байгаль, нийгэм, эдийн засагтай холбоотой суурь мэдээлэл маш ихээр өөрчлөгдөж байна. Иймээс энэхүү үндэсний хэмжээний голлох мэдээллийг агуулдаг бүтээл (атлас)-ийг дахин боловсруулан олны хүртээл болгох зайлшгүй шаардлага үүссэн гэдгийг ч зохиогчид тодотгов.
Монгол Улсын үндэсний атласын шинжлэх ухаан-редакцийн зөвлөл энэ оны наймдугаар сарын 4-нд хуралдаж, атласын зургуудыг хэлэлцсэн. Тус хурлаар “Монгол Улсын үндэсний атлас”-ыг хэвлэлтэд шилжүүлэхийг зөвшөөрсөн тогтоол гаргасан байна.
ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл "Газарзүйн шинжлэх ухаан тэр дундаа геоэкологи буюу байгалийн нөөцийн судалгааны салбар нь дэлхийн шинжлэх ухаанд асар их ач холбогдолтой, тэргүүлэх салбар юм. Манай улсын Газарзүй, геоэкологийн эрдэмтэд энэ шинжлэх ухааныг туйлын амжилттай хөгжүүлж яваа. Монгол орны хөрс, газарзүй, байгалийн нөөц баялаг гэх мэтчилэн асар олон томоохон ном бүтээл гарсан байна. Үүний нэг бол Монгол орны үндэсний атлас юм. Үндэсний атласт газарзүйн гол бүтээлүүд орохоос гадна улс орны эдийн засаг, нийгмийн бүтэц байгуулал, хүн ардын амьжиргаатай холбоотой мэдээлэл нэг дор, зурагтайгаа багтаж ордог учраас улс болгон үндэсний атласаа гаргах хүсэл сонирхолтой байдаг. Дэлхий дээр өнөөдөр Үндэсний атластай 70 гаруй улс байгаа. Эрдэмтдийнхээ хүчээр үндэсний атласаа гаргасан дэлхийн цөөн улсын тоонд орж байгаа" гэв.
Тэрээр мөн "Өнөөдөр манай газарзүйн салбарын хоёр том эрдэмтний 100 жилийн ой болж байна. Газарзүйн цэвдэг судлалын хүрээлэнг үндэслэн байгуулагч, академич Ш.Цэгмид агсны ой болж байна. Түүнчлэн Цэвдэг судлалын эрдэмтэн Н.Лонжид гуайн 100 жилийн ой тохиож байна. Монгол Улсад цэвдэг судлалыг хөгжүүлснээс гадна цэвдгийг улс ардын аж ахуйд хэрхэн ашиглах асуудлыг бодитой шийдсэн эрдэмтэн юм. Монгол орны цэвдэгтэй газар нутгийн шинж чанарыг судалсны үр дүнд мөсөн зоорь барих зураг, технологи боловсруулж, үйлдвэрлэлд нэвтрүүлсэн. Байгалийн аргаар махыг хөлдүүгээр нь хадгалдаг энэ ажлаар Монгол Улсын төрийн соёрхол хүртсэн алдартай эрдэмтэн юм" гэдгийг онцлон дурдлаа.