Б.Бат-Эрдэнэ: Тэмцээн уралдааны шалгуур үзүүлэлтийг нэмж чанарт анхаарах шаардлагатай

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-09-15 19:05:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын Их Хурлын гишүүн, Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд Б.Бат-Эрдэнэ, Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэг нар өнөөдөр Биеийн тамир спортын улсын хорооны үйл ажиллагаатай танилцаж, хууль эрх зүйн орчин, өнөөгийн нөхцөл байдлын талаар санал солилцов.


Биеийн тамир, спортын улсын хорооны үйл ажиллагаа, салбарын тулгамдсан асуудлын талаар Биеийн тамир, спортын улсын хорооны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэл танилцуулсан. “Үндэсний шигшээ багийн бэлтгэл, сургалтын төв”-ийн бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааны хэтийн төлөвлөлтийн тухай Үндэсний шигшээ багийн бэлтгэл сургалтын төвийн захирал Б.Наран-Идэр мэдээлэл хийлээ. Мөн Улсыг батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн харьяанд байсан Авто сургуулийн барилга байгууламж, дотуур байр, газрыг төрийн өмчид буцаан авах, Авто мото спортын талбайг “Үндэсний шигшээ багийн бэлтгэл, сургалтын төв”-ийн эзэмшилд шилжүүлэн авах талаар илэрхийлсэн. 


Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан, Биеийн тамир, спортын салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зардлыг 2023 оны улсын төсөвт суулгах шаардлагатай байгааг дурдав. Тухайлбал 2024 онд Парист болох   зуны Олимп, Паралимпийн эрх олгох олон улсын тэмцээний бэлтгэл сургуулилтын зардал, Монгол Улсад 2023 онд зохион байгуулах олон улсын болон үндэсний тэмцээн уралдааныг төрөөс дэмжих талаар хөндсөн. Мөн наадамд медаль авсан тамирчид дасгалжуулагчдад олгох мөнгөн урамшуулал, биеийн тамир, спортын салбарын удаашралтай байгаа барилгыг ашиглалтад оруулах, өмчийн маргаантай байгаа газар болон барилга байгууламжийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгааг илэрхийлж байлаа.


Улсын Их Хурлын гишүүн, Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд Б.Бат-Эрдэнэ, допингийн эсрэг авах арга хэмжээнд хууль эрх зүйн хүрээнд тодорхой нэмэлт зохицуулалтыг хийх, биеийн тамир спортын салбарын бүтэц тогтолцоонд анхаарах, зохион байгуулж байгаа тэмцээн уралдааны шалгуур үзүүлэлтийг нэмж чанарт анхаарах шаардлагатай байгааг дурдаад, төрөөс хэрэгжүүлж байгаа биеийн тамир, эрүүл мэндийн ажилд олон нийтийн оролцоог нэмэгдүүлж үүгээр дамжуулан хувь хүний хандлагад нөлөөлөх боломжтойг онцлон тэмдэглэлээ.


Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэг, салбарын хэмжээнд тулгамдаж байгаа асуудлыг тодорхойлж, Биеийн тамир спортын тухай хуулийн хэрэгжилт, багш, дасгалжуулагч, арга зүйч, хүний нөөц бэлтгэх тал дээр анхаарч, цаашид асуудлыг шийдвэрлэхэд хамтарч ажиллана гэдгээ илэрхийллээ.


Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн, Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд Б.Бат-Эрдэнэ, Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэг болон холбогдох албаны хүмүүс Монголын бүх ард түмний спортын XV дугаар наадмын буудлагын шигшээ тэмцээнд медальт байр эзэлсэн тамирчдад шагнал гардуулж хүндэтгэл илэрхийллээ.


Уулзалтад Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо, Биеийн тамир, спортын улсын хороо, Үндэсний шигшээ багийн бэлтгэл сургалтын төвийн төлөөлөл оролцлоо.

Холбоотой мэдээ