Эрчим хүчний салбарт үр ашигтай, дэвшилтэт технологи нэвтрүүлэх шаардлага тулгарсан гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-09-15 21:21:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсад эрчим хүч хэмнэх, инновацийн дэвшил нэвтрүүлэх, сэргээгдэх болон цөмийн энерги хэрэглэх, ногоон технологийг хөгжүүлэх зэргээр шинэчлэл хийх шаардлага тулгарчээ. Үүнийг тус салбарынхан “Эрчим хүчний шилжилт” хэмээн нэрлэж байна.


Шилжилтийг хэрэгжүүлснээр салбарын үйл ажиллагаа тогтвортой байдалд хүрнэ гэдгийг өнөөдөр болсон эрдэм шинжилгээний бага хурлаар хэлэлцэв.


Энэ онд тохиож буй Монгол Улсад эрчим хүчний салбар үүсэн хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд салбарын эрдэм шинжилгээний бага хурлыг өнгөрсөн 4 дүгээр сард зохион байгуулсан бол 2 дахь үе шатны хэлэлцүүлгийг өрнүүлсэн дараагийн бага хурал өнөөдөр боллоо. Энэ шатанд эрдэмтэн, судлаач, инженерүүдээс эрдэм шинжилгээний нийт 12 илтгэл ирүүлснийг хэлэлцлээ. Хуралд танхимаар болон цахимаар нийт 400 гаруй эрдэмтэн, судлаач хамрагдлаа. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, салбарын уураг тархи болсон эрдэмтэн, судлаач нар асуудлыг олон талаас гарган хэлэлцэж буйд талархал илэрхийлсэн юм.


Тэрбээр эрдэм шинжилгээний хурлыг нээж хэлэхдээ, “Эрчим хүчний талаарх төрийн бодлогыг чиглүүлж, хэрэгжүүлэхэд салбарын аюулгүй найдвартай байдлыг хангахаас эхлээд олон чухал асуудал тулгарч буй. Эрчим хүчний үйлдвэрлэл, дамжуулалт, түгээлт, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, хэмнэлт, үр ашиг бүхий дэвшилтэт технологи нэвтрүүлэх гээд манай салбарт олон зүйл шаардагдаж байна.  


Үйлдвэрлэлийн шат дамжлагыг боловсронгуй болгох, инновацыг хөгжүүлэх чиглэлээр эрдэмтэн, судлаачид, салбарын тэргүүлэх мэргэжилтнүүдийн туурвисан судалгаа шинжилгээний илтгэлүүд нь салбарын хөгжилд тус нэмэртэй”-г онцолсон юм.


Гэрэл зургийг Б.Чадраабал

 

Холбоотой мэдээ