Бизнесийн хүрээнд ёс зүйг бэхжүүлэх төслийг үргэлжлүүлэхээр болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-09-16 15:36:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Бизнесийн ёс зүй, шударга байдлыг бэхжүүлэх” төслийн хоёрдугаар шатны нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо.


МҮХАҮТ, “Транспэрэнси Интернэшнл Монгол” ТББ болон “Рио Тинто Монгол” ХХК нь 2021-2022 онд “Бизнесийн ёс зүй, шударга байдлыг бэхжүүлэх” төслийг хэрэгжүүлсэн юм. Нэг жилийн үйл ажиллагаа амжилттай хэрэгжсэн хэмээн дүгнэн төслийг цаашид үргэлжлүүлэхээр тохиролцон хоёрдугаар шатны үйл ажиллагааг эхлүүлэх гэрээнд хэрэгжүүлэгч талууд гарын үсэг зурлаа.


Төслийн эхний шатанд Монгол Улсад Бизнесийн ёс зүйн төвийг анхлан байгуулсныг талууд өнөөдөр онцоллоо. МҮХАҮТ-ын дэргэд байгуулсан тус төв нийт 60 мянга гаруй оролцогч нарт бизнесийн ёс зүйн талаарх мэдээллийг түгээж, бизнесийн 100 гаруй байгууллагыг “Хариуцлагатай бизнес, шударга байдлын аргачлал хэвшүүлэх” сургалт, Татварын ёс зүй, Ёс зүйтэй манлайлал, Комплаенс, Бизнесийн ёс зүйн анхдугаар чуулган зэрэг арга хэмжээнд хамруулан, ”Ёс зүй-Тогтвортой бизнес” аян зэрэг нөлөөллийн ажлыг хийж гүйцэтгэжээ.


Дээр дурдснаар төслийг хамтран хэрэгжүүлэгч МҮХАҮТ, “Транспэрэнси Интернэшнл Монгол” ТББ болон “Рио Тинто Монгол” ХХК бизнесийн орчин дахь авлигын тархалтыг зогсоох, “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжих төсөл, хөтөлбөрийг дэмжих замаар, Монголд урт хугацаанд бизнесийн ёс зүй, шударга байдлыг бэхжүүлэхээр ажиллаж байна. 


Төслийн хоёрдугаар шатыг Рио Тинто группийн Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан захирал Х.Амаржаргал, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин, "Транспэрэнси Интернэшнл Монгол" ТББ-ын гүйцэтгэх захирал Э.Мөнхжаргал нар өнөөдөр нээв

Холбоотой мэдээ