Аймгийн удирдлагууд Шарын гол суманд ажиллав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2015-10-03 23:03:21

Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат, аймгийн Засаг дарга А.Энхболд болон аймгийн Мэргэжлийн Хяналтын газар, Онцгой Байдлын газар, Байгаль Орчины газрын дарга нараас бүрдсэн  ажлын хэсэг Шарын гол суманд ажиллаж тулгамдсан асуудлаар сумын удирдлагуудтай уулзалт хийв.

Шарын гол сумын төв нь халаалт дулаан аваагүй зутруухан байдалтай байгааг сумын удирдлагууд танилцуулаад энэ байдал нь Дулаан Шарын гол ТӨХК, Шарын гол ХК буюу Шарын голын уурхайн хооронд үүссэн өр авлага, нүүрс нийлүүлэх үнийн асуудлаар тохиролцож гэрээ байгуулж чадахгүй байгаагаас үүсчээ. Эхний ээлжинд иргэдийг дулаанаар хангаж дараагаар нь өр авлагын асуудлаа харилцан яаралтай шийдвэрлэх нь зүйтэй гэж аймгийн удирдлагууд үзлээ. Түүнчлэн тус сумын иргэд ирээдүйд хэрэглэх ундны усны шинэ эх үүсвэрийн орчинд ашигт малтмал олборлуулахгүй байх талаар саналаа хэлэв. Тэд “Очир Ундраа” ХХК ундны усны тэжээгдлийн мужид ашигт малтмал олборловол Шарын голын иргэдийн ирээдүйн цэвэр усны нөөц үгүй болно гэж үзэж байлаа. Иймд сумын хажууханд алт олборлохоор хөрс хуулалтын ажлыг эхлүүлээд байгаа “Очир Ундраа” ХХК-ийн уурхай нээх үе болон олборлолтын үеийн шаардагдах бичиг баримтууд, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, гидрогеологийн судалгаа зэрэг холбогдох ажлууд бүрэн хийгдсэн эсэхэд шалгалт хийх хэрэгтэй гэв. Мөн Бууртын хөндий нь Хонгор сумын нутагт хамаарах боловч Шарын голчууд нутаг хамаарахгүйгээр Монголын газар нутгаас ус уух эрхтэй тул Хонгор сум, Дархан-Уул аймаг ЭМЯ, БОНХЯ зэрэгт албан ёсоор хүсэлтээ илэрхийлэх шаардлагатайг аймгийн удирдлагуудаас хүслээ.

                                                                                                                                                     Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд