Франц улсад "Монголын соёлын өдрүүд" болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2022-09-20 16:44:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсыг гадаадад сурталчлах, цар тахлын дараах үеийн эдийн засгийг сэргээх, аялал жуулчлалыг татах, зорилтын хүрээнд “Монголын соёлын өдрүүд”-ийг энэ сарын 20-24-нд Бүгд Найрамдах Франц Улсад зохион байгуулна.


Дөрөв хоног үргэлжлэх тус өдрүүдэд Монгол, Францын парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагаа төдийгүй урлаг соёл, түүх, боловсрол, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх хөтөлбөрүүд хэрэгжүүлэх юм. Тухайлбал, Монгол Улс Нэгдсэн Үндэстний Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага болох UNESCO-д нэгдсэний 60 жилийн ой энэ онд тохиож буйтай холбогдуулан Монголын Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид “Нүүдэлчдийн домог” тоглолтоо ЮНЕСКО-гийн төв байранд толилуулахын зэрэгцээ “Монголын үзэсгэлэн” сэдэвт байгалийн гэрэл зургийн үзэсгэлэн гарна.


Мөн манай улсын төлөөлөгч, уран бүтээлчид Европын соёл, урлагийн төв Парис хотоос гадна Монголтой өнө эртний хэлхээ холбоотой Рубрук тосгон, Өвөрхангай аймагтай 20 гаруй жилийн хамтын ажиллагааг амжилттай хэрэгжүүлж буй Аллиер муж, Парисын ойролцоох Дрө хотод айлчилж, албан тушаалтнуудтай уулзан, урлагийн тоглолтоо сонирхуулах юм.
Түүнчлэн, Монгол Улсын Их Сургууль Шинэ Сорбоны их сургууль, Мишелей лицей сургуультай тус тус хамтын ажиллагааны баримт бичиг байгуулахын зэрэгцээ Франц дахь монгол судлалын эрдэмтэн, судлаач нар болон оюутнуудтай уулзан монгол судлалын өнөөгийн тулгамдсан асуудлаар санал солилцож, эртний Хархорин хотын мөнгөн модны түүхээс сэдэвлэсэн “Алдуул модны эрэлд” баримтат киног толилуулах аж.
Холбоотой мэдээ