ДОРНОД: Хөгжимт драмын театрын уран бүтээлчид эмнэлгийн гадна талбайд тоглолт хийлээ

ОРОН НУТАГТ | ДОРНОД
167@montsame.mn
2022-09-22 10:52:47

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид өнөөдөр БОЭТ-ийн гадна талбайд тоглолт хийж, дэлхийн болон Монголын сонгодог хөгжмийн дээжээс эгшиглүүллээ.

ХДТ-ын дарга Л.Наранхүү: "Аливаа эмчилгээг хөгжимтэй хослуулж, хүний зүрх сэтгэлд нөлөөлөн анагааж болно. Өвчтөний сэтгэл зүйг дэмжих, ачаалалтай ажилладаг эмч, эмнэлгийн ажилтнуудын урам зоригийг сэргээхийг зорьсон" гэв. Соёл урлагийн ажилтны өдрийн хүрээнд энэ тоглолтыг санаачлан тавьж байгаа аж. 


Ташрамд сонирхуулахад, манай улсын хувьд өнгөрсөн зууны дунд үе тодруулбал, 1940-өөд оны үед Азийн орнуудаас хамгийн түрүүн дэлхийн сонгодогтой танилцаж байсан бол Дорнодынхны хувьд түүнээс гуч хүрэхгүй жилийн дараа Симфони оркестр байгуулж өрнийн их соёлын үүдийг нээснээрээ бахархдаг. Энэ соёлыг анх Дорнодод “нутагшуулсан” хүн бол  Дорнод нутгийн уугуул Монгол Улсын Урлагийн Гавьяат зүтгэлтэн Ваандангийн Боролдой юм. Түүнчлэн ХДТ-ын уран бүтээлчид жил бүр дэлхийн болон Монголын сонгодог жүжгүүдийг өөрийн тайзнаа амилуулж, хүүхдийн жүжиг, томоохон уран бүтээлүүдээрээ "Гэгээн муза" наадмыг олон жилийн турш өнгөлж яваа. 


Холбоотой мэдээ