Япон өдөрт хилээр нэвтрэх хүмүүсийн тоонд хязгаар тогтоохгүй

ДЭЛХИЙД | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2022-09-23 12:21:25

ТОКИО. /Mainichi/. Япон “COVID-19” халдварын тархалтыг хязгаарлахын тулд тогтоогоод байсан хилийн хяналтын арга хэмжээнүүдээ үе шаттайгаар сулруулах шийдвэрийн хүрээнд ирэх 10 дугаар сараас өдөрт хилээр нэвтрэх хүмүүсийн тоонд хязгаар тогтоохоо болино гэж тус улсын Ерөнхий сайд Кишида Фүмио пүрэв гарагт мэдэгджээ.


Тодруулбал, 10 дугаар сарын 11-нээс одоогоор өдөрт хилээр нэвтрэх хүмүүсийн тоог 50 мянгаар хязгаарлаад байгаа журмыг цуцлахаас гадна визгүй зорчих журмыг сэргээнэ гэж К.Фүмио АНУ-ын Нью-Йорк хотноо болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлсэн байна.


Японд халдварын тархалтыг хязгаарлахын тулд авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд нь аялал жуулчлал, энтертайнмент тэргүүтэй бусад салбарынхны шүүмжлэлд өртөх болоод байгаа юм. Харин К.Фүмио НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы ерөнхий санал шүүмжлэлд оролцсоныхоо дараа дээрх төлөвлөгөөг танилцуулжээ.


Япон улс өдөрт хилээр нэвтрэх хүмүүсийн тоонд хязгаар тогтоохоо больсноор дэлхийд гуравдугаарт бичигддэг эдийн засгаа сэргээхийг зорьж байна. “COVID-19” халдварын улмаас тогтоосон хилийн хяналтын арга хэмжээнүүд нь хилийн чанадаас ирэх жуулчдын тоог эрс бууруулсан нь эдийн засагт хүчтэй цохилт болсон юм.


2019 онд буюу дэлхий даяар цар тахал дэгдэхээс өмнө Японд хамгийн олон буюу 31.9 сая жуулчин аялж, сард ойролцоогоор хоёр сая гаруй жуулчин хүлээн авсан байна. Харин энэ оны наймдугаар сард энэ үзүүлэлт 169 800 байсан гэж Японы Үндэсний аялал жуулчлалын байгууллагаас мэдээлжээ.


Энэ сарын эхээр Японы эрх баригчид өдөрт хилээр нэвтрэх хүмүүсийн тоо 20 мянга байсныг 50 мянгад хүргэн нэмэгдүүлсэн юм. К.Фүмио мөн дотоодын аялал жуулчлалыг сэргээхийн тулд татаас олгох хөтөлбөрийг мөн 10 дугаар сарын 11-нээс дахин эхлүүлнэ гэдгийг мэдээлсэн байна. 

Холбоотой мэдээ