ӨВӨРХАНГАЙ: Нийт хүн амын 22 хувь нь газраа үнэ төлбөргүй өмчилжээ

ОРОН НУТАГТ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-09-23 16:39:52

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын ээлжит 13 дугаар хуралдаанаар 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, 2023 онд өмчлүүлэх газрын талаар асуудал оруулж хэлэлцүүллээ.


2022 онд 983 иргэн 57.78 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчилсөн байна. Аймгийн хэмжээнд нийт 26093 иргэн 2373.7 га газрыг хуулийн дагуу үнэ төлбөргүй өмчлөөд байгаа ба энэ нь нийт хүн амын 22 хувийг эзэлж байна. Мөн 66 иргэн 6 га газрыг аж ахуйн зориулалтаар өмчилжээ.


2023 онд 1040 иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 91 га газрыг хуулийн дагуу үнэ төлбөргүй өмчлүүлэхээр төлөвлөөд байна. Газар өмчлөх эрхээ баталгаажуулсан 2497 иргэн өмчийн газраа арилжааны банкинд барьцаалан 45 сая төгрөгийн зээл авчээ.


Аймгийн ИТХ-аас Төлөөлөгчдийн саналд үндэслэн газрын цахим мэдээллийг иргэдэд ил тод, хүртээмжтэй сурталчлах, мөн иргэн, аж ахуйн нэгжид эзэмшүүлэх, өмчлүүлэх газрыг олгохдоо тэдний эрэлт, хэрэгцээнд нийцүүлэн төлөвлөх, хэрэв газраа хоёр жилийн хугацаанд ашиглаагүй бол хуулийн дагуу тухайн газрыг дахин эргэлтэд оруулах үүрэг, чиглэлийг өглөө. 

Холбоотой мэдээ