“Хятадын соёлын мэдлэгийн толь” ном монгол уншигчдын гарт очив

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2022-09-27 14:01:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монгол, Хятадын найрамдлын 7 хоног”-ийн хүрээнд “Хятадын соёлын мэдлэгийн толь” номын нээлт ГХЯ-нд өнөөдөр болов.

 

Энэхүү толийг Монгол Хятадын найрамдлын нийгэмлэг, БНХАУ-ын Бээжингийн хэлний их сургууль, Хятадын “Фэникс” хэвлэлийн газар хамтран ажиллаж монгол хэлээр дуун хөрвүүлжээ.

 

Энэхүү тайлбар толийг орчуулгын ажлыг СГЗ М.Чимэдцэеэгийн ахалсан судлаач, орчуулагчдын баг жил гаруй хугацаанд орчуулж, хянан шүүж, эрхлэн хэвлүүлсэн байна.

 

Уг бүтээл хятадын улс төр, нийгэм, эдийн засаг, соёл иргэншил,урлаг, утга зохиол, шинжлэх ухаан, гадаад харилцаа, олон улсын хамтын ажиллагааны тухай ойлголт, мэдлэгийг баяжуулахад чухал хэрэглэгдэхүүн болох юм.

 

Номын нээлтэд судлаач, орчуулагч М.Чимэдцэеэ хэлэхдээ, "Хятадын соёлын мэдлэгийн толь"-ийн монгол хэвлэл хэд хэдэн онцлогтой. Бээжингийн хэлний их сургуулийн Шу Баофэн профессорын удирдсан Хятадын олон салбарын 100 гаруй эрдэмтэн, мэргэжилтэн 3 жилийн хугацаанд боловсруулсан. Хятадын соёлын үндсэн суурь мэдлэгийг бүрэн багтаасан, эртний гүн ухаан, утга зохиол, урлаг, шинэ бүтээл, зан заншил, ахуй амьдралын олон сэдвийг багтаасан сонгодог бүтээл гэж хэлж болохуйц толь юм. Дүгнэж хэлэхэд, орчуулгын түүхэнд өчүүхэн ч алдаа мадаггүй, эх бичвэртэйгээ төгс орчуулга гэж бараг үгүй. "Хятадын соёлын мэдлэгийн толь"-ийн монгол хэлний орчуулгад утга санаа, агуулга нь тэс зөрсөн буруу зөрүү, алдаа мадаг ховор болов уу гэжж найдаж байна” гэв.

 

Монгол, Хятад улсын дипломат үйл ажиллагаа, хүмүүнлэгийн олон талт хамтын ажиллагаа цаашид улам өргөжихөд тус дөхөм үзүүлж, Монгол Улсад хятад судлал дорвитой хөгжихөд эрдэм шинжилгээ, судалгааны нэн чухал эх сурвалж болно гэдгийг номыг орчуулагчид онцолсон юм.



Холбоотой мэдээ