Дэлхийн банк Хятадын ДНБ-ий өсөлтийн талаарх таамгаа бууруулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2022-09-27 15:47:59

МОСКВА. /interfax/. Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийнх нь хямрал, “COVID-19”-ийн тархалтыг хязгаарлах эрх баригчдынх нь хатуу бодлогын улмаас Дэлхийн банк /ДБ/ Хятадын эдийн засгийн 2022, 2023 оны өсөлтийн талаарх таамаглалаа  буурууллаа.


ДБ-ны шинэ таамгаар, Хятадын ДНБ энэ онд 2.8 хувиар, ирэх онд 4.5 хувиар өснө. 


2021 онд Хятадын ДНБ 8.1 хувиар өсжээ. 


"Коронавирусний тархалтыг хязгаарлахад гаргасан Хятадын эрх баригчдын амжилт нь эдийн засгийн ноцтой үр дагаварт хүргэж байна" гэж ДБ-ны тоймд дурдсан байна.


Түүнчлэн үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хямрал эдийн засагт дарамт учруулж байна. Өрөнд баригдсан бүтээн байгуулагчид төслүүдээ дуусгахгүй орхиж байгаа тул барилга, орон сууцны борлуулалт багасаж, хэрэглэгчдийн зах зээлд итгэх итгэл буурч байна гэж ДБ онцолжээ.


ДБ-ны таамагласнаар, Хятадыг эс тооцвол Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын эдийн засаг 2022 онд 5.3 хувиар өснө. Ийнхүү өсөлтийн хурд нь 2021 онд 2.6 хувьтай байсантай харьцуулахад хоёр дахин нэмэгдсэнээр 1990 оноос хойш анх удаа Хятадын ДНБ-ий өсөлтийн хурдаас давна. Харин 2023 оны таамгаар 5 хувиар өсөх аж.


2022, 2023 онд Вьетнамын ДНБ 7.2 хувь ба 6.7 хувиар, Филиппин - 6.5 хувь ба 5. хувь, Малайз - 6.4 хувь ба 4.2 хувь, Индонез - 5.1 хувь ба 5.1 хувь, Тайланд-3.1 хувь ба 4.1 хувиар тус тус өснө гэж ДБ таамаглаж байна.


Холбоотой мэдээ