ХӨВСГӨЛ: 2023 оныг “Хөвсгөлд зочлох жил” болгон зарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-10-03 15:34:27

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаар 2023 оныг байгаль, түүх, соёлын өвд түшиглэсэн тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор “Хөвсгөлд зочлох жил” болгон зарлалаа. Энэ хүрээнд аялал жуулчлалын зөвлөгөөн зохион байгуулж “Мөсний баяр”, “Алунгоо эхийн сургаалын баяр”, “Цаатан фестиваль”, “Сарлагийн баяр”, “Цагаан адууны баяр” зэрэг үйл ажиллагаануудыг зохион байгуулна.


Тус аймагт нэг ээлжиндээ 6800 орчим жуулчин хүлээн хүчин чадалтай нийт 94 жуулчны бааз, 130 гэр буудал, 8 зочид 14 дэн буудал үйл ажиллагаа явуулж байна. Аялал жуулчлалын баазууд ихэвчлэн улирлын чанартай буюу 6-8 дугаар сард  үйл ажиллагаа явуулдаг бөгөөд ид ачааллын үед 50-60 мянган жуулчин ирдэг. Сүүлийн жилүүдэд дотоодын аялагчдын тоо эрс өсөж байгаа бөгөөд энэ жил дотоодын 107915, гадаадын 18475 жуулчин иржээ. 


Жуулчдын 95 орчим хувь нь Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газарт буюу тусгай хамгаалалттай газарт аялж байна.


Цаашид Дархадын хотгор, цаатны отог,  Алунгоо хатны нутаг, Даян дээрхийн агуй зэрэг түүхийн өв соёлыг багтаасан олон газар нутгаар аялах маршрутыг гарган жилийн 4 улиралд Хөвсгөл нутгаар аялах боломжтойг уриалж байгаа юм.



 

Холбоотой мэдээ