ТӨВ: Эрдэнэсант суманд хөдөлмөр зуслан байгууллаа

ОРОН НУТАГТ | ТӨВ
tuv@montsame.mn
2022-10-04 09:56:28

Төв /МОНЦАМЭ/ Эрдэнэсант сумын 4-р багийн нутаг Дэвсэн булаг гэх газар аймаг, сумын төсвийн нийт 47 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хүүхдийн хөдөлмөр зусланг байгууллаа.


Тус зуслан нь хүүхэд, өсвөр, залуу үеийнхний чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, хөгжлийн хөтөлбөрөөр дамжуулан амрангаа хөгжих боломжийг олгох, амьдрах ухаан, хөдөлмөрт сургах зорилготой юм. Түүнчлэн эрүүл, аюулгүй орчинд байрлан амьдрах ухааныг суралцах, монгол ахуйтай танилцах, уламжлалт идээг бэлтгэх гэх мэт анхдагч хэрэгцээний зүйлсээ өөрсдийн гар болон ур ухаанаа шингээж хүртэх боломжийг бүрдүүлсэн гэдгээрээ онцлог байна. Уг зуслан нь ирэх оны хавраас хүүхдүүд хүлээн авахаар бэлтгэж байгаа бөгөөд хүйтний улирлын үеэр туршлага судлах, мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж, заавар зөвлөгөө авна гэдгээ албаныхан хэллээ. 


Мөн энэхүү зуслангийн үл хөдлөхөд урьд нь рашаан сувиллын зориулалтаар ашиглалт үйлчилгээ явуулж байсан бөгөөд сум орон нутаг худалдан авч, засаж сайжруулан хүүхдийн зуслангийн үйл ажиллагааны ерөнхий шаардлага, MNS5633:2019 стандартыг мөрдөн ажлаа эхлүүлээд байна. Энэхүү стандартыг Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хүүхдийн амралт, зуслангийн үйл ажиллагаа эрхэлж, үйлчилгээ үзүүлдэг өмчийн бүх хэлбэрийн зуслангуудын үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх, зохион байгуулах, үйлчилгээний явц, чанар, болон хүүхдийн хөгжил, оролцоо, хамгаалалд хяналт тавих, үнэлэхэд хэрэглэдэг байна. 


Холбоотой мэдээ