“Samsung” дэлхийн хамгийн дэвшилтэт чипийг таван жилийн дотор бүтээхээр зорьж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2022-10-06 11:43:58

СӨҮЛ. /CNBC/. БНСУ-ын “Samsung” компани дэлхийн чипний хамгийн том үйлдвэрлэгч болох “TSMC” компанитай өрсөлдөөн нь ширүүсэж байгаатай холбоотойгоор дэлхийн хамгийн дэвшилтэт чипийг таван жилийн дотор бүтээхээр зорьж байгаагаа мэдэгджээ.


Тодруулбал, “Samsung” чипний үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө боловсруулсан бөгөөд 2025 оноос 2 нанометрийн чип, 2027 оноос 1.4 нанометрийн чип үйлдвэрлэж эхлэхээр төлөвлөж байгаа ажээ.


Чипэнд суурилуулдаг транзисторуудын хэмжээг нанометрээр илэрхийлдэг бөгөөд транзисторын хэмжээ бага байх тусам нэг хагас дамжуулагч дээр илүү олныг багтааж болно. Иймээс нанометрийн хэмжээг багасгах нь илүү хүчтэй, үр ашигтай чипүүдийг бий болгодог.


Харьцуулж үзвэл, АНУ-ын “Apple” компанийн хамгийн сүүлийн үеийн “iPhone 14 Pro”, Pro Max” гар утаснууд нь 4 нанометрийн чиптэй юм.


Samsung” 3 нанометрийн чипийг энэ оны эхэн үеэс үйлдвэрлэж эхэлсэн байна. Шинэ чипний талаар мэдээлэл гарсны дараа тус компанийн хувьцаа ойролцоогоор 4 хувиар өсжээ.


Хэрэглээний цахилгаан бараа, санах ойн чипний үйлдвэрлэлээрээ алдартай БНСУ-ын компани нь Тайванийн “TSMC” компанийг гүйцэж түрүүлэхийн тулд гэрээгээр микросхем үйлдвэрлэх, цутгах үйлдвэрлэлээ өргөжүүлэхээр зорьж байна.


Samsung” нь цутгах үйлдвэрийн орлогоороо дэлхийн зах зээлийн 17.3 хувийг эзлэн хоёрдугаарт бичигддэг бол Тайванийн “TSMC” компани нь 52.9 хувийг эзэлдэг байна. 

Холбоотой мэдээ