Автобензиний импорт үнийн дүнгээр 1.9 дахин нэмэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
oyundelger@montsame.gov.mn
2022-10-07 07:48:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсын нийт импорт энэ оны эхний 8 сарын байдлаар 5,599.7 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 1,125.8 сая ам.доллар буюу 25.2 хувиар нэмэгдэв.


Үүнээс, эрдэс бүтээгдэхүүний импорт 1,242.0 сая ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 447.3 сая ам.доллар буюу 56.3 хувиар нэмэгдсэн байна.


Эрдэс бүтээгдэхүүний импортын үнийн дүнгийн 87.6 хувийг газрын тосны бүтээгдэхүүн эзэлжээ. Энэ оны эхний 8 сарын байдлаар 1,087.5 сая ам.долларын 1,172.1 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс биет хэмжээгээр 25 мян.тн буюу 2.2 хувиар, үнийн дүнгээр 422.5 сая ам.доллар буюу 63.5 хувиар нэмэгдэв.


Газрын тосны бүтээгдэхүүний импортын нийт үнийн дүнгийн 88.1 хувийг автобензин, дизель түлшний импорт, үүний 33.8 хувийг автобензин, 54.3 хувийг дизель түлшний импорт эзэлж байна.


Энэ оны эхний 8 сарын байдлаар 368.3 сая ам.долларын 440.5 мян.тн автобензин импортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс биет хэмжээгээр 117.7 мян.тн буюу 36.5 хувиар, үнийн дүнгээр 171.2 сая ам.доллар буюу 1.9 дахин нэмэгдсэнийг УУХҮЯ мэдээллээ.


Мөн хугацаанд 590.3 сая ам.долларын 618.0 мян.тн дизелийн түлш импортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс үнийн дүнгээр 223.2 сая ам.доллар буюу 60.8 хувиар нэмэгдсэн ч, биет хэмжээгээр 56.4 мян.тн буюу 8.4 хувиар багассан аж.

 

Холбоотой мэдээ