Нийслэлийн боловсролын салбарын 9 гэр бүлд түрээслээд өмчлөх орон сууцны батламжийг гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2022-10-07 09:10:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн боловсролын салбарт хосоороо ажиллаж буй 9 гэр бүлд НЗДТГ-аас түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцыг олголоо.

Нийслэлийн боловсролын салбарт гэр бүлийн 813 хос ажилладаг. Үүнээс ерөнхий боловсролын сургуульд 612 буюу 1024, сургуулийн өмнөх боловсролд 201 буюу 402 гэр бүлийн хос мөр зэрэгцэн нэг салбарт хүчин зүтгэж буй.
Харин ерөнхий боловсролын сургуульд 485, сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 26 буюу нийт 501 багш удам дамжин боловсролын байгууллагад багшилж байна.
Төрөөс хүн амын чиглэлээр баримтлах бодлогыг хэрэгжүүлэх 2018-2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, Нийслэлийн Засаг Даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу гэр бүлийн хөгжлийг дэмжих, боловсролын салбар дахь багшийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд ийнхүү орон сууц олгов.
Сургалтын бодлогыг хэрэгжүүлэгч мянга мянган багш нараас ажлын амжилт, ёс зүй, ур чадварын хувьд хамт олондоо хүлээн зөвшөөрөгдсөн, нийслэлийн боловсролын салбарт 10 буюу түүнээс дээш жил тасралтгүй ажилласан багш нарт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар түрээслээд өмчлөх орон сууцны батламжийг гардуулан өглөө.
Түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцад хамрагдах батламж хүртсэн Нийслэлийн боловсролын салбарын 9 гэр бүл:
• Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 117 дугаар сургуулийн бага ангийн багш Ц.Чинбат, Чингэлтэй дүүргийн 103 дугаар цэцэрлэгийн бүлгийн багш Ө.Оюунгэрэл нарын гэр бүл;
• Нийслэлийн Баянгол дүүргийн 98 дугаар цэцэрлэгийн бүлгийн багш, арга зүйч Д.Алтанхуяг, Сонгинохайрхан дүүргийн 99 дүгээр цэцэрлэгийн туслах багш Ц.Цэвээнролом нарын гэр бүл;
• Нийслэлийн Багануур дүүргийн ерөнхий боловсролын Боловсрол цогцолбор сургуулийн биеийн тамирын багш Б.Энхбат, Багануур дүүргийн Боловсролын хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Ононтунгалаг нарын гэр бүл;
• Нийслэлийн Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 53 дугаар сургуулийн түүх нийгмийн ухааны багш Б.Сэлэнгэ, 53 дугаар сургуулийн бага ангийн багш Р.Гандиймаа нарын гэр бүл;
• Нийслэлийн Налайх дүүргийн ерөнхий боловсролын 109 дүгээр сургуулийн математикийн багш Д.Лхагвасүрэн, 109 дүгээр сургуулийн сургалтын менежер М.Алтансувд нарын гэр бүл;
• Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 65 дугаар сургуулийн дизайн технологийн багш Ж.Отгонбаяр, 65 дугаар сургуулийн бага ангийн багш Г.Эрдэнэчимэг нарын гэр бүл;
• Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн газарзүйн багш Т.Норов, 1 дүгээр сургуулийн герман хэлний багш Н.Туяацэцэг нарын гэр бүл;
• Нийслэлийн ерөнхий боловсролын 130 дугаар сургуулийн сургалтын менежер Э.Нармандах, Хан-Уул дүүргийн Язгуур ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн багш Т.Ариунсанаа нарын гэр бүл;
• Нийслэлийн Багахангай дүүргийн 44 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Н.Тунгалаг, 44 дүгээр цэцэрлэгийн дуу хөгжмийн багш Д.Батбаяр нарын гэр бүл түрээслээд өмчлөх орон сууцны батламжаа гардан авлаа.

Холбоотой мэдээ