Хөрөнгийн бирж: Тав дахь компани үнэт цаасаа гаргав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-10-07 14:00:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид энэ онд 4 компани үнэт цаасаа гарган арилжсан. Үүний 5 дахь нь болж өнөөдөр “Нөмөр кредит ассет ТЗК” ХХК хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг эхлүүллээ.


Тус компани нь 24 сарын хугацаатай, жилийн 17.5 хувийн хүүтэй, нэг бүр нь 100 мянган төгрөгийн үнэ бүхий 100 мянган ширхэг үнэт цаасыг зах зээлд санал болгож байна. Ингэснээр 10 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр төлөвлөжээ.


Арилжааны нээлтэд Монголын Хөрөнгийн биржийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ оролцож, Монголын Хөрөнгийн бирж арилжиж буй бүтээгдэхүүний нэр төрлөө нэмэгдүүлж, хөрөнгийн зах зээлийг идэвхжүүлэхэд онцгойлон анхаарч буйг онцоллоо.  


Өнөөдөр анхдагч зах зээлийн арилжаагаа эхлүүлж буй "“Нөмөр кредит ассет ТЗК” ХХК-ийн үнэт цаасны захиалгыг Монголын Хөрөнгийн бирж ажлын 5 өдрийн турш IPO системээрээ дамжуулан хүлээн авах юм. Арилжааны явцад хөрөнгө оруулагч нараас ирэх захиалгын хэмжээ санал болгож буй үнийн дүнд хүрч, 100 хувь биелсэн тохиолдолд анхдагч зах зээлийн арилжаа хаагдах юм.

Холбоотой мэдээ