БАЯНХОНГОР: Цэцэрлэгийн хүүхдүүд “Намрын амт” өдөрлөг зохион байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-10-12 14:01:41

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор сумын 12 дугаар цэцэрлэг нь ISO14001 стандартад суурилсан "Олон улсын Эко-сургууль-цэцэрлэг" хөтөлбөрт хамрагдаж байна. Энэ хүрээнд хандлагаа өөрчлөх, экологийн ул мөрөө багасгах талаар суралцах, олон нийтэд уриалах, өөрийн үйл ажиллагаанд үнэлгээ дүгнэлт хийх зэргээр олон өөрчлөлтийг хийжээ.


Тодруулбал, “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, аймаг нийслэлийн ногоон хөгжилд суурилсан хэтийн зорилт, дунд хугацааны бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг хангах, ногоон хөгжил, тогтвортой хөгжлийн бодлогыг түгээн дэлгэрүүлэх зорилтыг тус цэцэрлэгийнхэн дэвшүүлжээ. Ийнхүү цэцэрлэгийн гадна болон дотоод орчинд хүүхдэд болон байгальд сөрөг нөлөөгүй, ээлтэй, дахин ашиглаж болохуйц материалаар бүтээн байгуулалт хийх, ногоон байгууламжаа нэмэгдүүлэх, төслийн үзэл санааг бүлэг бүрийн сургалтын хөтөлбөртөө уялдуулан зохион байгуулах, эцэг эхчүүдийг татан оролцуулах зэргээр ажиллаж байна. Гэвч цэцэрлэгийн эзэмшил газрыг сунгах шийдвэр эцэслэж гараагүй тул хүүхдүүдийн туршилт, хөдөлмөр хийх талбай байгуулах ажил удааширч байгаа аж.

Цэцэрлэгийнхэн тус шийдвэрийг хүлээлгүй, "Жимс, ногооны хуванцар сагсанд хөрс бэлтгэн хийж хүнсний ногоо тариалах зөөврийн талбай байгуулж болно" гэсэн санааг гарган багш, туслах багш, эцэг эхчүүд хамтран сагсаа цуглуулах, хөрсөө бэлтгэх ажлыг шат дараатайгаар хийж бэлтгэжээ.

Ийнхүү цэцэрлэгийн ахлах, бэлтгэл бүлгийн хүүхдүүд тавдугаар сард хүнсний ногоо тариалах ажилд гар бие оролцож төмс, лууван, манжин, сонгино, байцааг өөрсдийн бэлтгэсэн хөрс, туршилтын талбайд тариалж, зуны турш харуул хамгаалалтын ажилчид усалгаа, арчилгааг хийж ургуулсны үр дүнд анхны ургацаа хураан авчээ.


Бэлтгэл бүлгийн хүүхдүүд багштайгаа хамтран “Намрын амт” өдөрлөг зохион байгуулж өөрийн гараар тарьж, хураан авсан ногоогоороо амтат зууш бэлтгэн цэцэрлэгийнхээ багш ажилчдыг дайлсан байна. Энэ нь цэцэрлэгийн болоод хүүхдүүдийн хувьд энгийн хөдөлмөрт суралцах, танин мэдэхүйн олон талын ач холбогдолтой ажил болсныг эцэг эхчүүд хэлж байна.

Холбоотой мэдээ