Туслах хүчнийхэн хилчдэд мотоцикль өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-10-04 22:26:40

Ой тайгын бүсийн хил хамгаалах туслах хүчний гишүүдийн нэгдсэн зөвлөгөөнөөс гаргасан уриалгыг дэмжиж, Сэлэнгэ аймгийн Засаг даргын захирамжаар Сэлэнгийн иргэд хоёр цэргийн ангидаа уналга, хандивлах үйл ажиллагааг өнгөрсөн хавраас зохион байгуулсан юм.

Энэхүү аяны хүрээнд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нийт ард иргэд “Нэг баг-нэг агт”, “нэг аж ахуйн нэгж-нэг мотоцикль” аяныг амжилттай зохион байгууллаа. Ингээд Сүхбаатар сумын 1000 гаруй айл өрх, 57 аж ахуйн нэгжийн өгсөн хандив тусламжаар тус бүр нь нэг сая 500 мянган төгрөгийн үнэ бүхий хоёр ширхэг мотоциклийг Хилийн цэргийн 0101-р ангид гардуулан өгөх үйл ажиллагаа өчигдөр боллоо.

Сэлэнгэ аймгийн ХЦ-ийн 0101-р ангийн захирагчийн орлогч, дэд хурандаа С.Жаргал:”Улсын хил хамгаалалтын халдашгүй дархан байдлыг хангах үйлсэд оруулж байгаа энэхүү хувь нэмэр, хилчид бидний хил хамгаалалтыг тасралтгүй зохион байгуулах үйлсэд их үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэл дүүрэн байна. Ингээд нийт ард иргэдийнхээ хандивлан гаргаж өгсөн энэхүү мотоциклийг бид бүхэн хил хамгаалалтандаа өндөр үр бүтээлтэйгээр ашиглах болно гэдгээ илэрхийлье. Та бүгдийнхээ цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсэн ерөөе” хэмээ хэллээ. Ийнхүү Сэлэнгэчүүд  хил хамгаалах туслах хүчнийхээ үүргээ нэр төртэй гүйцэтгэлээ. Хил орчмын сумын иргэд хилийн гүнд байдаг иргэдийг бодвол онцгой эрх эдэлж, үүрэг хариуцлага хүлээдэг. Тэд хилийн орчим амьдардаг учраас хилийн зөрчил гарах тал дээр сонор сэрэмжтэй байх үүргийг хүлээж, мөн хил орчимд амьдарч байгаа учраас хилээр онцгой хөнгөлөлттэй нөхцөлөөр зорчих эрх эдэлдэг билээ. Энэхүү аяны үйл ажиллагаанд Мандал сумын иргэд идэвхтэй оролцож, 9 тооны агт уналга цуглуулан бэлтгэсэн, хүлээлгэж өгнө гэдгээ илэрхийлсэн байна.

               Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд