Сүхбаатар аймгийн удирдлагууд өвөлжилтийн бэлтгэл байдалтай танилцлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-08-20 14:38:08

Сүхбаатар аймгийн засаг дарга З.Энхтөрөөр ахлуулсан баг аймгийн төвийн өвөлжилтийн бэлтгэл ажил болоод зарим бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа.  Уг ажлын хүрээнд нэн түрүүнд өвөлжилтийн дулааны станцын үйл ажиллагаатай танилцсан юм. Халаалт зогссоноос хойш станцын үйл ажиллагаа бүрэн зогсож, бүх ажилчид амарсан байдалтай байна.  

Хөрөнгө мөнгөний асуудлаас үүдэн их засварын ажил огт хийгдээгүй, хүлээлтийн байдалтай байгаа, хэрвээ даруй засварын ажиллагааг эхлүүлж тоног төхөөрөмжөө шинэчлэхгүй бол ирэх өвлийг давахад тун  хүндрэлтэй нөхцөл байдал үүсэх магадлалтай гэдгийг Дөрвөлж ОНӨҮГ-ын дарга Ц. Алтансүх хэллээ.

Ажлын баг зам анги, аймгийн баруун зам дээр баригдаж буй хяналтын постыг ажлын явц, төвийн 3-р тойргийн зам, шинээр баригдаж буй уламжлалтын эмнэлэг, ус цэвэршүүлэх байгууламж, 60 айлын орон сууцны засварын ажлын гүйцэтгэл гээд хэд хэдэн  бүтээн байгуулалтын  ажилтай газар дээр нь танилцсан юм.Төрийн байгууллага болон орон нутгийн захиалгаар гүйцэтгүүлж байгаа ажлууд хөрөнгө мөнгөгүйгээс болж үйл ажиллагаа зогсох, доголдох байдал их байна. Жишээ нь: Сүхбаатар аймгийн Тохижилт үйлчилгээ ОНӨҮГ саяхан хуучин байранд засвар хийн ашиглалтанд оруулаад байгаа. Ажиллах хүн хүч болоод техник хэрэгслийн хувьд боломжийн байгаа хэдий ч санхүүжилтийн хувьд нилээн хүнд байдалд оржээ. Нийгмийн даатгал болоод Татварын хэлтэст өртэй байгаа юм байна.

Аймгийн засаг дарга З.Энхтөр хэлэхдээ, дээрх ажлуудын ихэнх нь улс болон аймгийн төсвөөс санхүүжиж  байгаа. Санхүүгийн асуудлыг даруй  шийдвэрлэхгүй  бол царцах, ажлын гүйцэтгэлийн  чанар муудах талтай. Тиймээс удирдлагын багийн зүгээс шуурхай арга хэмжээ авч өр авлагыг барагдуулах , өвөлжилтийн бэлтгэл ажлыг яаралтай хийх болно гэлээ.

Т. Одончимэг

Холбоотой мэдээ