Хакүхо М.Даваажаргал аавынхаа хөшөөг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд босгохыг хүслээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2022-10-13 13:35:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан өнөөдөр мэргэжлийн сүмогийн 69 дэх Их аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин М.Даваажаргалыг хүлээн авч уулзлаа.


Уулзалтаар Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд 45 дахь түрүүлж “Дархан дээд” амжилтыг тогтоосонд Хакүхо М.Даваажаргалд баяр хүргээд Миягино дэвжээний эзэн, ояката болж ирээдүйн шилдэг сүмочдыг бэлдэх, амжилтын төлөөх шинэ замналаа эхлүүлээд байгаад нь амжилт хүсэв.

 

Тэрбээр: “Та бол Монгол түмний бахархалт Их аваргын хүү. Аавынхаа үйл хэрэг, алдар нэрийг үргэлжлүүлж, Миягино дэвжээнээс олон аварга төрүүлнэ гэдэгт итгэлтэй байна…” гэлээ.

 

Хакүхо М.Даваажаргал: “Дөрвөн жилийн дараа Монгол нутагтаа ирлээ. Эх орондоо ирэхэд сэтгэл дүүрэн байж, маш их огшиж байна. Хоёр орны соёлын элчийн хувьд цаашдын хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулахыг зорьж байна” гэсэн юм.

 

Тэрбээр өөрийн аав, Монгол Үндэсний бөхийн дархан аварга, Монгол улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Олимпын мөнгөн медальт, алдарт бөх Жигжидийн Мөнхбат агсны алдрыг мөнхжүүлэх гэрэлт хөшөөг нийслэл хотод, тэр дундаа Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байгуулах зорилгоо Нийслэлийн ИТХ-ын даргад танилцуулсан юм.

 

Их аваргын алдар цууг мөнхжүүлэхэд нийслэлийн иргэд бид баяртай байх бөгөөд бүх талаар дэмжин ажиллана гэж Нийслэлийн ИТХ-ын дарга хэлсэн юм. Уулзалтын үеэр Хакухо М.Даваажаргал өөрийн зодог тайлах болон Миягино нэрийг өв залгамжлах сүмогийн ёслолын урилгыг Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд гардуулан өглөө.



Холбоотой мэдээ