БАЯН-ӨЛГИЙ: Бүх нийтээр мод тарих өдрөөр 22 мянган ширхэг мод суулгав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-10-17 14:42:09

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ард иргэд, албан байгууллагууд энэ сарын 14, 15-нд буюу намрын "Бүх нийтээр мод тарих өдөр"-өөр 22 мянган мод тарьсан гэж аймгийн Сум дундын ойн ангиас мэдээллээ.


Тодруулж хэлбэл, аймгийн төв Өлгий хотод үйл ажиллагаа явуулдаг албан байгууллагууд 6974 ширхэг, ард иргэд 4177, сумдын хэмжээнд 10850, нийтдээ 22001 ширхэг мод тарьсан байна.


Тус аймгийн Дэлүүн сум 3200 ширхэг суулгацыг Увс аймгаас авч тарьсан бол “Балгын” компани 7000 ширхэг мод нийлүүлжээ. Үлдсэн тарьц, суулгацыг Сум дундын ойн ангиас хангасан аж.


2022 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар аймгийн төв болон Сагсай, Улаанхус, Алтанцөгц суманд ойжуулалтын хамгаалалтын бүс байгуулахаар болж тендер зарлагдсан. Энэ ажлын хүрээнд нийт 60 мянга гаруй мод тарьж ургуулахаар төлөвлөгдсөн. Эхний тендер болох Өлгий сумын төвд ойжуулалтын хамгаалалтын бүс байгуулах ажлын гүйцэтгэгчээр “Монгол уулын ой” компани шалгараад байгаа.


Тус компани Өлгий сумын 9 дүгээр багийн нутагт 10 га газарт хамгаалалтын зурвас байгуулж, 10 мянган ширхэг навчит мод тарьж ойжуулах ажлыг өнгөрсөн 7 хоногоос эхлүүлээд байна.


Намрын мод тарих ажил энэ өдрүүдэд аймгийн хэмжээнд үргэлжлэн өрнөж байна. 

Холбоотой мэдээ