Катар Азийн хөл бөмбөгийн АШТ-ийг зохион байгуулахаар болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2022-10-17 16:48:11

ДОХА. /France24/. Энэ онд болох хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг /ДАШТ/ зохион байгуулагч орон болох Катар улс 2023 оны Азийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг /АШТ/ зохион байгуулахаар болсон талаар Азийн хөл бөмбөгийн холбооноос /АХБХ/ өнөөдөр мэдээллээ.


Хятад улс 2019 оны есдүгээр сард Азийн хөл бөмбөгийн АШТ-ийг зохион байгуулах эрхээ авсан боловч “COVID-19”-ийг тэглэх бодлогыг хэрэгжүүлж байгаатай холбоотойгоор тус тэмцээнийг зохион байгуулах боломжгүй болсон талаараа энэ оны тавдугаар сард мэдэгдсэн юм.


Энэхүү тэмцээнийг Хятадын 10 хотод ирэх оны зургаадугаар сарын 16-наас долоодугаар сарын 16-ны өдрүүдэд явуулахаар товлоод байсан билээ. Харин Хятад улс эрхээсээ татгалзсаны дараа БНСУ, Индонез, Катар зэрэг орон тэмцээнийг зохион байгуулах хүсэлтээ гаргажээ.


“Катарын хөл бөмбөгийн холбоо 2023 онд болох Азийн хөл бөмбөгийн АШТ-ийг зохион байгуулахаар болсныг АХБХ-ны гүйцэтгэх зөвлөл өнөөдөр баталлаа” гэж Малайзад төвтэй АХБХ мэдээлсэн байна. Энэхүү мэдэгдэлд Азийн АШТ-ий товын талаар тодорхой дурдаагүй байжээ.


АХБХ-ны ерөнхийлөгч Шейх Салман бин Эбрагим Аль Халифа хэлсэн үгэндээ, “Бэлтгэх цаг бага байгаа ч Катар тэмцээнийг зохион байгуулахад бэлэн” гэдгийг онцлон тэмдэглэжээ. Мөн тэрбээр Катарын “дэлхийн хэмжээний дэд бүтэц, зохион байгуулах хосгүй чадвар”-ыг сайшаасан байна.


Азийн АШТ нь дөрвөн жил тутамд зохион байгуулагддаг. Катар улсын хувьд хамгийн сүүлийн буюу 2019 онд АНЭУ-д болсон тэмцээнд түрүүлсэн юм. Энэхүү тэмцээнийг Катар 1988, 2011 онд зохион байгуулж байжээ.


БНСУ 2002 оны ДАШТ-ийг Япон улстай хамтран зохион байгуулж байсан ч Азийн АШТ-ийг 1960 оноос хойш зохион байгуулаагүй байна. Индонез улсын хувьд 2007 оны Азийн АШТ-ийг Малайз, Тайланд, Вьетнамтай хамтран зохион байгуулж байсан юм.


Гэвч энэ сарын эхээр Индонезид хөл бөмбөгийн түүхэн дэх хамгийн харамсалтай үйл явдлуудын нэг болсон нь мэргэжилтнүүдийг олон улсын тэмцээн зохион байгуулах чадварт нь эргэлзэхэд хүргэжээ. Тус улсын Зүүн Ява мужийн цэнгэлдэх хүрээлэнд болсон шахцалдааны улмаас 131 хүн амиа алдаж, олон зуун хүн гэмтэж бэртсэн юм.

Холбоотой мэдээ