БАЯНХОНГОР: “Монголын хүүхдийн спортын VII наадам”-ыг зохион байгуулах боломж нөхцөлөө танилцуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-10-18 12:39:31

Баянхонгор /МОНЦАМЭ/. Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайханаар ахлуулсан ажлын баг Баянхонгор аймагт ажиллалаа.


Ажлын багийн бүрэлдэхүүн аймгийн Засаг даргын орлогч Б.Батсуурь, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Наранбаяр, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга С.Байгалмаа, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Т.Хишигбаатар нар оролцсон уулзалтыг зохион байгуулан, спортын барилга байгууламжийн ажилтай танилцахын сацуу тус аймгийн БТСГ-т ажиллав. 


Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, ЗДТГ, Биеийн тамир, спортын газраас БТСУХ-ны ажлын багийн бүрэлдэхүүнд 2023 онд явуулах “Монголын хүүхдийн спортын VII наадам”-ыг зохион байгуулах хүсэлтээ батлан илэрхийлж, наадмын тэмцээнийг явуулах материаллаг бааз, спортын заал талбай, наадам зохион байгуулах туршлага, хүний нөөцийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл, танилцуулгыг хийлээ.  


Тодруулбал, Баянхонгор аймаг 2016-2022 онд аймаг, улсын чанартай өсвөр үеийн насны ангиллаар тав, залуучуудын насны ангиллаар нэг, насанд хүрэгчдийн гурав, ахмадын насны ангиллаар нэг тэмцээнийг зохион байгуулж, 9332 тамирчин, дасгалжуулагчид хамрагджээ. “Баянхонгор бага олимп”-ыг гурван удаа зохион байгуулсан туршлагатай бөгөөд сум, баг бүрд орон тооны арга зүйчдийг томилон ажиллуулж нийт 25 арга зүйч, 60 идэвхтэн гишүүн, 65 биеийн тамирын багш, 200 оюутан, нийт 350 сайн дурын ажилтантай болоод байна.


Аймгийн төвийн баг, сургууль, аж ахуйн нэгж байгууллагын 19 спорт заал, гурван талбайтай болсон, 2022 оны 12 дугаар сард ашиглалтад орох “Усан бассейн бүхий спорт цогцолбор”-той болж, наадмын гол үйл ажиллагааг хийхээр төлөвлөж байна.


Тамирчдыг байрлуулах 11 зочид буудал, 50 гэр байгууламж, найман сургууль, 10 гаруй цэцэрлэгийн байр, хоолны газартай, үйлчилгээний 31 автобус Улаанбаатар-Баянхонгор чиглэлд үйлчлэх боломжтой зэрэг танилцуулгыг БТСУХ-ны ажлын багийн бүрэлдэхүүнд хийсэн юм. 


Энэ үеэр аймгийн удирдлагуудтай санал солилцон тодруулга авч, харилцан мэдээлэл солилцлоо. Улсын хорооны ажлын багаас өмнө нь зохион байгуулсан наадмын зохион байгуулалтын талаар мэдээлэл хийсэн байна.

Ажлын баг тус аймагт ажилласан тайлан, өгсөн үнэлэлтээ удахгүй гарган аль аймагт "Монголын хүүхдийн спортын VII наадам”-ыг 2023 онд явуулахаа шийдвэрлэх аж.

Холбоотой мэдээ