“Тэрбум мод сан”-гаас ойжуулалт, нөхөн сэргээлтэд 1.8 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2022-10-18 14:31:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд байгуулаад буй “Тэрбум мод сан”-гаас нийт 1.8 тэрбум төгрөгийн санхүүжилттэй төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх удирдамж зарлав.


Дээрх санхүүжилтийг “Тэрбум мод” хөдөлгөөнийг дэмжин ойжуулалт, нөхөн сэргээлт, цэцэрлэгжүүлэлт хийж, экологийн боловсрол олгоход буцалтгүй тусламж байдлаар олгох юм. Энэ талаар “Тэрбум мод сан”-гийн Удирдах зөвлөлийн дарга, Монголын Банкны холбооны гүйцэтгэх захирал бөгөөд ерөнхий нарийн бичгийн дарга Л.Амар сэтгүүлчдэд мэдээллээ.


Тэрбээр, “Манай сан “Тэрбум мод” хөдөлгөөнийг дэмжин энэ оны 3 ДУГААР сард байгуулагдсан. Энэ хугацаанд арилжааны 12 банкнаас 1.4 тэрбум төгрөгийн хөрөнгийн санхүүжилтийг бүрдүүлэн сангийн үйл ажиллагааг эхлүүлээд байна. Үүгээр бид төрийн өмчит цэцэрлэг, ЕБС-иудад ногоон байгууламж байгуулах, нийгмийн чанартай ойжуулалт, ойн нөхөн сэргээлт, мод тарих, мөн олон нийтэд Тогтвортой хөгжил, экологийн боловсрол олгох төслүүдийг хэрэгжүүлэхэд иргэд, байгууллага, ТББ-уудыг санхүүжүүлнэ. Манай олон нийтэд хандаж буй энэхүү үйл ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголбанк, БОАЖЯ зэрэг төрийн байгууллагууд бодлогын хүрээнд дэмжиж байгаа гэв. Энд дээрх чиглэлийн контент бэлтгэх байдлаар хэвлэл, мэдээллийн байгууллага оролцож болохыг мөн онцлов. Тодруулбал:

  • цэцэрлэг, ЕБС-иудад ногоон байгууламж байгуулах төсөлд 30 хүртэл сая төгрөг,
  • Олон нийтийн оролцоонд суурилсан ойжуулалт, ойн нөхөн сэргээлт, мод тарих төсөлд 100 хүртэл сая төгрөг,
  • Олон нийтэд тогтвортой хөгжил, экологийн боловсрол олгох төсөлд 20 сая хүртэл төгрөгийн санхүүжилтийг олгох аж.


Энэ талаар “Тэрбум мод сан”-гийн гүйцэтгэх захирал, Монголын Тогтвортой  санхүүжилтийн (ТоС) холбооны гүйцэтгэх захирал Э.Номиндариас тодруулав.

-Төсөл, хөтөлбөрийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх үү? “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжүүлэгч олонтой аймаг, орон нутагт төсөл, хөтөлбөрийн санхүүжилтийг түлхүү олгох уу?

-Бид эхний буюу нэгдүгээр ээлжинд нийслэл хотод олгож хэрэгжүүлнэ. Хоёрдугаар шатанд хөдөө, орон нутагт хэрэгжүүлнэ. Энэ нь санхүүжилтийн эхний хэрэгжилтийг харгалзан, үр дүнгээр дараагийн хөрөнгө оруулалтыг тооцож буй хэрэг юм.


-Санхүүжилтийг төсөл хэрэгжүүлэгчдэд бус гүйцэтгэх мэргэжлийн байгууллагад шууд олгоно гэж байна. Тэгэхээр тухайн байгууллага, иргэд, ТББ-ын үүрэг оролцоо юунд байх вэ?

-Санхүүжилтийг хэрэгжүүлэгч болон гүйцэтгэх мэргэжлийн байгууллагад аль алинд нь шууд олгохгүй. Мэргэжлийн байгууллагаар гүйцэтгэх ажлын хөлсийг нээлттэй тендэр зарлан сангаас шилжүүлнэ. Бид төсөл, хөтөлбөрийг энэ оны 12 дугаар сарын 15 хүртэл зарлаж холбогдох санал, сонгон шалгаруулалтын баримт материалыг авна. Ирэх оны 4-5 дугаар сараас төсөл хөтөлбөрүүдийг нээлттэй мэдээлж хэрэгжүүлж эхэлнэ. 3 жилийн хугацаатай гэв. 

Холбоотой мэдээ