ДОРНОД: Сургууль, цэцэрлэгийн эмч нарт анхан шатны тусламжийн тоног төхөөрөмж хүлээлгэж өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2022-10-19 10:53:56

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн нийт сургууль, цэцэрлэгийн эмч нарт эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх анхан шатны тоног төхөөрөмжийг өнөөдөр аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн гардуулж өглөө. Энэ ажлыг "Сургууль, цэцэрлэгийн эмч ба эрүүл мэнд" төслийн хүрээнд орон нутгийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа бөгөөд төрийн болон хувийн хэвшлийн 26 сургууль, 36 цэцэрлэгт өндөр жин хэмжигч, утлага, даралтын аппарат, пульс оксометр, халуун хэмжигч зэрэг нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг хүлээлгэж өгч байгаа юм.

Учир нь сургууль, цэцэрлэгийн эмч нарт тусламж үйлчилгээ үзүүлэх наад захын тоног төхөөрөмж дутагдалтай байдгийг судалгааны дүнгээс харж болно. Тиймээс аймгийн Засаг дарга энэхүү тоног төхөөрөмжүүдийг бүрэн ашиглаж, эрүүл мэндийн байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, суралцагч бүрийн эрүүл мэндэд санаа тавьж ажиллахыг хүслээ.

Цэргийн насны залуучуудын эрүүл мэндийн асуудал сүүлийн жилүүдэд анхаарал татах болсон. Тодруулбал, цэрэг татлагад орж байгаа залуучуудын 60-70 хувь нь тэнцэхгүй байх тохиолдол гарч байна. Тиймээс сургуулийн 18 мянган сурагч, цэцэрлэгийн таван мянган хүүхэд, боловсролын байгууллагын 2400 багш ажилтныг эрүүл зөв дадалтай болгоход анхаарч ажиллах юм. 

Холбоотой мэдээ