ДОРНОД: Өвчлөл бүртгэгдээгүй сумдаас мал, мах, түүхий эдийг Хөлөнбуйрын постоор нэвтрүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2022-10-19 14:22:28

Дорнод /МОНЦАМЭ/. Үхрийн арьс товруутах өвчин бүртгэгдээгүй эрүүл бүсээс мал, мах, түүхий эдийг Хөлөнбуйр суман дахь постоор нэвтрүүлж байна. Тодруулбал, Баян-Уул, Гурванзагал, Сэргэлэн, Цагаан-Овоо, Чойбалсан, Чулуунхороот, Хэрлэн сумын нутаг дэвсгэрээс бүх төрлийн мал, мах, түүхий эдийг Хөлөнбуйр сумын хяналтын цэгээр дамжуулан нийслэл болон бусад аймаг руу үржлийн бус, хүнсний хэрэгцээний зориулалтаар ачааны тээврийн хэрэгслээр тээвэрлэж байгаа юм.

Өнгөрсөн сарын 29-нөөс энэ сарын 26-ны өдрийг хүртэл өвчлөл батлагдсан сумдын хорио цээрийн дэглэмийг сунгаад байна. Өнөөдрийн байдлаар Халх гол суманд гурван пост, Баянтүмэн, Булган, Дашбалбар, Хөлөнбуйр суманд тус бүр нэг пост, Матадад хоёр постоос гадна аймгийн төв рүү нэвтэрдэг Хэрлэн голын гүүрүүд дээр гурван пост ажиллаж, хорио цээрийн дэглэмийн хэрэгжилт, хүн, мал, тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнд хяналт тавьж байна.

Дорнод аймгийн хэмжээнд энэ жил үхрийн арьс товруутах өвчин туссан 1176 үхрийг устгалд оруулжээ. Тодруулбал, Баянтүмэн, Булган, Халхгол, Матад, Баяндун, Дашбалбар сумын 14 багийн 15 голомтод 192 өрхийн 1176 толгой үхэр өвчилжээ.

Түүнчлэн үхрийн арьс товруутах өвчинтэй тэмцэх арга хэмжээний хүрээнд зургаан сумын голомт болон сэжигтэй бүсийн малчин өрхийн хашаа хороо, худаг, уст цэг, бэлчээр, устгалын цэгийн нийт 63,940 м.кв талбайд  халдваргүйтгэл хийсэн гэж МЭГ-аас мэдээллээ. 

Холбоотой мэдээ