“Тэрбум мод”: Монгол, Солонгосын байгууллага Налайхын уурхайд мод тарьж нөхөн сэргээхээр судалж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2022-10-20 12:21:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачлан хэрэгжүүлж буй “Тэрбум мод” хөдөлгөөнийг дэмжин БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё хуны санаачлага дор “Ногоон шилжилтийн төлөөх Монгол-Солонгосын хамтарсан ажлын баг"-ийг өнгөрсөн 1 дүгээр сард байгуулаад байна.


Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй БНСУ-ын төрийн өмчит 9 байгууллага, мөн ТББ-ууд хамтрасан тус багийг төлөөлж буй байгууллага КОМИР нь (Korea Mine Rehabilitation and Mineral resources Corp (KOMIR) цаг уурын өөрчлөлтийн эсрэг Монгол Улсын төр, засгаас хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрийг дэмжин ажиллаж байна. Тодруулбал, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй БНСУ-ын төрийн өмчит байгууллагуудыг нэгтгэн, БНСУ-ын Уул уурхайн нөхөн сэргээлт, ашигт малтмалын корпорацийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газартай хамтран ажиллаж байна.


Уг байгууллагаас өнөөдөр “Цаг уурын өөрчлөлтийн эсрэг эрчим хүчний хэрэглээ, ашиглалтын чадавхийг бэхжүүлэх нь” семинар уулзалтыг “Туушин” зочид буудалд зохион байгууллаа. Уулзалтад Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, “Тавантолгой түлш” ХХК-ийн төлөөлөл оролцож сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэл, хэрэглээний талаар танилцуулав. БНСУ-ын талаас тус улсын ЭСЯ, Солонгосын олон улсын хамтын ажиллагааны КОТРА болон K-Petro байгууллагын төлөөлөл оролцож, “КАТ” компанийн гүйцэтгэх захирал Ан Жүн Вон тус улсад хэрэглэж буй нүүрсний чанар сайжруулах хуурай баяжуулалтын технологийн талаар танилцуулав. Энэ нь агаар бохирдуулагч бодисыг бууруулах байдлаар нүүрс баяжуулах усгүй, хуурай технологи аж.


Ерөнхийдөө шахмал түлшний чанарыг улам сайжруулснаар гарах утаа илүү шингэрч багасах, эрчим хүчний эх үүсвэрээр дамжуулан агаарын бохирдлыг бууруулж, цаг уурын өөрчлөлтөд эерэгээр нөлөөлөх талаар хэлэлцлээ. Мөн дулааны цахилгаан станцуудаас гарч буй болон ахуйн хэрэглээний сайжруулсан шахмал түлшний үнсийг дахин ашиглах арга технологийн талаар хөндөн ярилцав.


Энэ талаар КОМИР-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Чон Сонү-гээс тодруулбал, үнсийг байгальд хоргүй байхаар боловсруулж, Налайхын уурхайн гүний олборлолтоос үүдэлтэй, газрын доор орхигдсон цооног,  нүхнүүдийг дүүргэж, нөхөн сэргээлт хийн, газрын гадаргуу дээр “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд тухайн бүс нутгийн оршин суугчдын оролцоотойгоор мод тарьж, ойжуулах, мод үржүүлгийн газар, Smart Farm байгуулах, эдгээр нь тухайн бүс нутгийн эдийн засагт хувь нэмэр оруулахуйц төслийг  Монгол, БНСУ-ын тал хамтран хэрэгжүүлэхээр анхан шатны судалгааны ажлыг эхлүүлээд байна гэв.



БНСУ-д өнөөдрийн байдлаар нүүрс, УЦС, Атомын цахилгаан станц, сэргээгдэх эрчим хүчийг хослуулан хэрэглэж хэрэглээгээ хянан багасгаж байна. Монгол Улсад ч ийм байдлаар эрчим хүчийг урт хугацаанд хэрэглэх нь харагдаж байна гэв. Нүүрсний хаягдал болон үнсийг автозамын суурьд барилгын материал болгон ашиглах боломжтойг ноён Чон Сү хэлэв.






Гэрэл зургуудыг Т.Чимгээ

Холбоотой мэдээ