Туул голд 11 настай хүүхэд осолджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2016-08-22 14:13:13

Онцгой байдлын бүрэлдэхүүн энэ сарын 18-21-нд улсын хэмжээнд гурван цэгт уснаас эрэн хайх, аврах ажиллагаа зохион байгуулсан талаар өнөөдөр ОБЕГ-аас мэдээлэв.

Тухайлбал, энэ сарын 18-нд Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Завхан гол багийн Завхан голд иргэн М /47 настай, эрэгтэй/ усанд осолдсон тухай дуудлага иржээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 5, Цагдаагийн байгууллагаас 8 албан хаагч, орон нутгийн 11 иргэн 30 км-ийн тойрогт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа аж.

Мөн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн “Дунд өлөнт” гэдэг газарт байрлах хиймэл нууранд иргэн Н /48 настай, эрэгтэй/ унасан тухай дуудлага энэ сарын 21-нд ирсэн байна. Аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, Аврах салбарын 6, Цагдаагийн 4 албан хаагч эрлийн ажиллагааг явуулсан байна. Осолдсон иргэний цогцсыг орой 23.00 цаг орчимд олж, Цагдаагийн байгууллагад шилжүүлжээ. Түүнчлэн Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Маршлын гүүрний зүүн талд Туул голд хүүхэд живсэн байна гэсэн дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу Нийслэлийн  Аврах ангийн 6 албан хаагч, ажиллаж Т /11 настай, эрэгтэй/ цогцсыг гаргаж дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст хүлээлгэн өгчээ.

ОБЕГ-аас иргэдийг голын эрэг дагуу аялал зугаалгаар явахдаа хамт яваа хүндээ тавих хараа хяналтаа сулруулахгүй байхыг анхааруулав.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ