БАЯНХОНГОР: Онол, дадлагын сургалтаар чадавхжуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-10-28 09:11:13

Баянхонгор /МОНЦАМЭ/. Сарлагийн ширийг стандартын дагуу зөв бэлтгэж, үнэ цэнийг нэмэгдүүлэх сургалт Баянхонгор хотод болж байна. Тодруулбал, аймгийн ХХААГ "Сарлагийн арьсны тогтвортой үйлдвэрлэл ба сарлагийн арьсан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн кластерийн чадавхыг бэхжүүлэх" төсөлтэй хамтран, арьсан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн кластерын чадавхыг дээшлүүлэх технологийн онол, дадлага хосолсон сургалтыг энэ сарын 27-31-ний өдрүүдэд зохион байгуулж байна.

Сургалтаар арьс ширэн түүхий эдийг стандартын дагуу эсгэлт, зүсэлт болон бусад гэмтэлгүйгээр зөв бэлтгэх, хадгалах, тээвэрлэх, арьс ширэн түүхий эдийг байгаль орчинд ээлтэй технологиор боловсруулж, хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, арьс ширэн түүхий эдийг стандартын дагуу зөв бэлтгэж, үнэ цэнийг дээшлүүлж, нөөцийг нэмэгдүүлэх мэдлэгийг олгож байна. Мөн боловсруулсан ширээр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, боловсруулсан арьс ширийг Европын зах зээлд экспортлох боломжийг таниулж байгаа аж.

Сургалтад есөн сумын төрийн албан хаагчид, кластерын гишүүд, арьс ширэн түүхий эд бэлтгэн нийлүүлэгчид, мах боловсруулах үйлдвэр болон мал төхөөрөх үйлдвэрийн ажилчид, малчид, МҮХАҮТ-ын гишүүд, Монголын Арьс ширний үйлдвэрлэлийн холбоо (МАШҮХ)-ний төлөөлөгчид зэрэг 40 шахам хүн оролцож байна.

Холбоотой мэдээ