Тендер шалгаруулалтыг цахимжуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-10-31 19:33:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хуулийн өөрчлөлтийн талаарх хэлэлцүүлэг МҮХАҮТ-д өнөөдөр боллоо.


Уг хуулийн төслийг Сангийн яамнаас боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн УИХ-д өргөн барихад бэлэн болжээ. Хуулийн гол өөрчлөлтийн талаар Сангийн яамны Хууль эрхзүйн газрын Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтсийн дарга Ц.Батзул хувийн хэвшил, бизнесийн төлөөлөлд танилцуулав.


Хуулийн шинэчилсэн найруулгад 4 чиглэлээр гол зохицуулалтыг оруулж байна. Засгийн газраас тендер шалгаруулалтад хүний оролцоотой үйл ажиллагааг халж байна. Аль болох төрийн мэдээллийн системд тулгуурлан, тэнд байгаа ил тод мэдээлэл, өгөгдлийг ашиглан цаасгүй, технологиор шийдэх юм. Үүнийг хийхэд шаардлагатай байгаа эрхзүйн орчинг оруулж өгч байгааг тэрбээр тодотголоо.


Одоо мөрдөж буй хууль нь цаасан харилцаан дээр суурилсан учир үүнийг цахимд шууд оруулаад явахаар зөрүү үүсээд байгааг хэлэв. Жишээ нь, цахим системд оруулсан мэдээллийг өнөөдөр хуучнаараа заавал сонинд зарладаг хэвээр байна. Худалдан авах ажиллагаанд оролцогчдын 92 хувь нь өнөөдөр цахим системээс мэдээллээ авдаг нь судалгаагаар нотлогдоод байхад дахин тендер шалгаруулалт явуулах нэрээр зардал гаргаж буй байдлыг хална гэв.


Нөгөө талаар аль болох хүний оролцоог багасгаж бууруулах зорилго нь ААН-ээс төр өөртөө байгаа мэдээллийг дахин дахин нэхдэг байдлыг арилгахад оршиж байна. Нэгэнт ХЗДХЯ-ны харьяа Улсын бүртгэлийн газарт хуулийн этгээдийн бүх бүртгэл байдаг учир тендерт оролцогч тухайн компани, ААН-ийг тэндээс лавлах боломжтой.


Мөн татварын байгууллагаас татвар төлөлтийн мэдээллийг авч болох учир тухайн ААН-ийн татварын толдорхойлтыг дахин дахин авах,өгөх хэрэггүй. Энэ хэмжээгээр өмнө нь 200 хуудас материалыг нэг бүрчлэн үздэг байсан бол одоо цуглуулдаг материал 10 дахин буурах боломжтойг онцоллоо. Ингэснээр төр тендерээ богино хугацаанд зарлах, ирүүлэх бүрдүүлэх материал цөөхөн болж буй учир шийдвэрээ хурдан гаргах боломжтой болох аж.


Тендер шалгаруулалтыг хуулийн хугацаанд зохион байгуулах, хуульд заасан хугацаанд шийдвэр гаргаагүй бол буруутай тал тендерт оролцогчдын зардлыг төлөхөөр хуулийн төсөлд тусгажээ. 

Холбоотой мэдээ