Израилын парламентын сонгуульд Б.Нетаньяхугийн эвсэл тэргүүлж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2022-11-02 10:27:41

ЙЕРУСАЛИМ. /Anadolu/. Израилын парламентын сонгуульд Ерөнхий сайд асан Биньямин Нетаньяхугийн эвсэл тэргүүлж байгааг сонгогчдыг саналаа өгсний дараа явуулсан санал асуулгын дүн харуулж байна.


Санал асуулгуудын дүнгээс үзэхэд, Б.Нетаньяхугийн барууны үзэлт эвсэл Кнессет буюу парламентын 120 суудлын 61-62 суудлыг авах төлөвтэй байгаа нь түүнд Засгийн газрыг эмхлэн байгуулах эрхийг авчирч магадгүй байна.


Харин түүний өрсөлдөгч Ерөнхий сайд Яир Лапидын эвсэл 54 суудал авах тооцоо гарчээ. Ээлжит бус сонгуулийн албан ёсны дүнг пүрэв юм уу баасан гарагт танилцуулах төлөвтэй байна.


Энэ удаагийн сонгуулийн ирц 1999 оноос хойших хамгийн өндөр түвшинд хүрсэн гэдгийг холбогдох албаны төлөөлөгчид мэдээлжээ. Израилд сүүлийн дөрвөн жилийн хугацаанд явуулсан тав дахь парламентын сонгууль энэ болж байгаа юм.


Сонгуулийн төв хорооны мэдэлснээр, мягмар гаргийн 20:00 цагийн байдлаар сонгогчдын ирц 66.3 хувьтай буюу санал өгөх эрхтэй 6.7 сая сонгогчийн 4.5 сая орчим нь хэдийнээ саналаа өгсөн байжээ. Санал авах байрууд 22:00 цагт хаагджээ. 

Холбоотой мэдээ