Герман улс ирэх онд хий, цахилгааны үнийг барихад 83 тэрбум евро зарцуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2022-11-07 13:03:11

БЕРЛИН. /DPA/. Германы Сангийн яам ирэх онд хий, цахилгаан, халаалтын үнийг барихад 83 тэрбум орчим евро зарцуулахаар төлөвлөж байна гэж DPA агентлаг 2023 оны төсвийн дахин хянан хэлэлцсэн төслөөс эш татан мэдээлжээ.

 

Эрчим хүчний үнэ өссөний улмаас хүнд байдалд орсон айл өрх, бизнес эрхлэгчид, хий импортлогчдыг дэмжих зорилгоор 200 тэрбум еврогийн хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсныг Канцлер Олаф Шольц өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт мэдэгдсэн. DPA агентлагийн бичиж буйгаар, энэ нь 2024 он хүртэл эрчим хүчний өндөр үнийг нөхөхөд хангалттай хүрэх ёстой. Харин Германы Сангийн сайд Кристиан Линднер хөтөлбөрийн нийт санхүүжилтийн талаас илүү хувийг ирэх онд зарцуулахаар төлөвлөжээ. Хий, цахилгааны үнийг барихад зарцуулах мөнгөн дүнгээс гадна, 15 тэрбум орчим еврогоор хүндрэл бэрхшээлтэй тулгараад байгаа эрчим хүчний “Uniper” концернийн хувьцааг худалдаж авах аж.

 

Бундестагт санал болгож буй Сангийн сайдын хуулийн төсөлд мөн Украины дүрвэгсдэд зориулсан интеграцын сургалтад төлөвлөснөөс 153 сая еврогоор илүү мөнгө зарцуулахаар тусгажээ. Түүнчлэн Германы зүүн хойд хэсэгт чухал ач холбогдолтой, Шведт хот дахь  (Бранденбург муж) газрын тос боловсруулах “RSK Raffinerie GmbH” үйлдвэрт түүхий газрын тос нийлүүлэхэд 40 сая орчим еврог нэмж тусгасан байна. 

 

Үүний зэрэгцээ халаалтын төлбөрт татаас олгох, орлого багатай хүмүүст зориулсан орон сууцны түрээсэнд төрөөс олгодог татаасыг шинэчлэх зэрэг дэмжлэг үзүүлэх олон тооны арга хэмжээнд 2.2 тэрбум евро хуваарилжээ. 

Холбоотой мэдээ